Германд ажилласан АЯН замын ТЭМДЭГЛЭЛЭЭС
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын Германд ажилласан аян замын тэмдэглэлийг хүргэж байна.
Германы алдарт эдийн засагч Зинн гуайтай уулзсан минь
Өнгөрсөн 9-р сард Германд ажлаар явж байхдаа дэлхийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг Ханс-Веннер Зинн гуайтай хэрэг болгон цаг авч уулзаж, хууч хөөрөв.
Энэ хүний бичсэн эдийн засгийн холбогдолтой нийтлэл, номууд, ярилцлагыг унших дуртайн дээр улс орны эдийн засаг, хөгжлийн зарим асуудалд бид хоёрын санаа яв цав таараад байдаг болохоор надад зориулж цаг гаргаж байгааг нь олзуурхан гурван цаг гаруй хамт сууж, сайхан ярилцаж билээ.
Миний хувьд хаа яваа газраа гадна дотны эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй уулзахдаа “Ажилсаг Монгол” хөтөлбөрөө танилцуулж тэдний үг, сургааль, зөвлөмжийг сонсох дуртай тул Зинн гуай шиг хүнд хөтөлбөрөө танилцуулна гэдэг бол маш олзуурхууштай зүйл байлаа.
Тэр надтай ярьж суухдаа улс орныг хөгжүүлэхэд хүн бүхэн ажилтай, орлоготой байж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал гэдэгтэй надтай санал нэг байгаагаа хэд хэд хэлж байсанд би урамшив.
Тэрбээр
“Дэлхийн II дайны дараа Германы эдийн засаг хямарсан, дайнд ялагдсан хүнд хэцүү байх үедээ “Маршал төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байсан талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.
Тухайн үед Грек улс нэг хүнд ногдох гадны зээл, тусламжийн хэмжээгээрээ хамгийн өндөр нь байлаа. Түүнээс хойш тус улс “Маршал төлөвлөгөө” шиг хөтөлбөр хэрэгжүүлж, гадны зээл, тусламжийг авсан ч өнөөдрийг хүртэл эдийн засаг нь сайжирсангүй. Харин Герман улс энэхүү төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсний хүчинд жижиг, дунд үйлдвэрлэлийг хүчирхэг болгож, эдийн засгийн хүндрэлийг даван гарч чадсан төдийгүй өнөөдрийг болтол тогтвортой хөгжиж байна. Үүнийг жишээ татсаны учир нь “өр бол хор” гэдгийг хэлэх гэсэн хэрэг гэж байв.
Тэгснээ надаас:
-2014 онд би танай сайхан оронд очсон. Хөдөөгүүр явах их сайхан байсан. Түүнээс хойш танай улсын гадаадын зээл, тусламжийн хэмжээ “өнөөдөр” хэд хүрчив гэж гэнэт асуув. Өнөөдөр гэдэг дээр нилээд нухацтай хэлж намайг юу гэж хэлэх бол гэсэн байдалтай харлаа.
-Би ч дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ хоёр дахин их өссөн хэмжээнд байгаа гэж үнэнээ л өчлөө. Гэтэл тэрбээр “2014 онд очоод би энэ өрийн талаар сануулж л байсан даа. Гэтэл байдал өөрчлөгдөөгүй өр улам нэмэгдсэн байна. Тэгвэл танай улс хөгжихөд маш хэцүү байдалтай байгаа юм байна даа. Ер нь та нар өр нэмж тавихгүйн төлөө бүхий л нөөц бололцоогоо ашиглан хувь хүнээс авахуулаад улсын удирдлагаа хүртэл тэмцэх хэрэгтэй. Гадны зээл тусламж хэзээ, хэд ирэх бол гэж хүлээж биш, харин ажилтай, хариуцлагатай, сахилга баттай ард түмэн л улс орноо босгож, эдийн засгаа сэргээж чадна гэсэн хатуу шаардлага өөрсөддөө тавиад зогсолтгүй ажиллах хэрэгтэй.
Таны “Ажилсаг Монгол” хөтөлбөр чинь маш зөв санаа байна.
Хүсвэл та ойрмогхон дахин ирж хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, зөвөлгөө авч болно. Надад зөвлөх юм гарвал би сэтгэл харамгүй хэлье” гэснээр бидний уулзалт өндөрлөж билээ.
Би ч түүнд хөтөлбөрийн үндсэн санаануудаа герман хэл дээр хөрвүүлэн тэр даруй нь явууллаа.
Германы шилдэг эдийн засагч энэ эрхэм Монголд 2014 онд, дараа нь 2017 онд ирж, манай улсын эдийн засгийн салбарын хүрээнийхэнд лекц уншсанаа дуулгаж байв.
Манайд олон удаа ирж, удаан хугацаагаар саатаагүй ч эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс хэдхэн тоо хараад л Монгол Улсын хөгжлийг дүгнэх тийм чадалтай эрхмүүдийн нэг.
Энэ хүний мэдлэг, зөвөлгөөг олон улс даяар сонсдог гэдгийг би уншиж байсан юм.
2006 онд Financial Times Germany-аас ХБНГУ-ын 550 эдийн засгийн экспертүүдийн нийтлэл, эдийн засгийн байр суурийн талаар судалгаа явуулахад хоёрхон хүн улс төрийн бодлогод нөлөөлсний нэг нь Ханс-Вернер Зинн гуай юм.
Английн The Independent сонинд түүнийг 2011 онд дэлхийг өөрчилсөн хамгийн 10 алдартай хүмүүсийн нэгээр тодруулж байсан байна.
Bloomberg Markets Magazine-д 2012 оны дэлхийн хамгийн их нөлөөтэй 50 хүний жагсаалтанд ганцаараа Герман улсыг төлөөлж бичигдэж байжээ. Ийнхүү түүний байр суурь үнэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болох жагсаалт урт юм билээ.
Ноён Ханс-Вернер Зинн “Монгол Улс баялаг түүхтэй, уудам газар нутагтай, гуравхан саяхан хүн амтай учир хөгжлийн гольдролоо л зөв тогтоочихвол эдийн засаг нь амархан сэргэх орон шүү” гэж дахин дахин анхааруулж байсансан.
Мөн “Монгол Улс ашигт малтмалын нөөцөө хэрхэн ашиглаж байгаагаа эргэн харах шаардлагатай. Монгол Улсын Оюутолгойн ордын нийт үнэлэмж 50 тэрбум ам доллар. Тус ордод олборлолт явуулах, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай 10 гаруй тэрбум ам.долларын гуравны хоёрыг “Ril Tinto” гаргаад үлдсэнийг нь Монголын төрөөс гаргахаар тохирсон. Яагаад Монгол Улс мөнгө төлөх ёстой болсон бэ гэдгийг сөхмөөр байна” гэж хэлж билээ.
Түүний бидний төлөө санаа зовж “Өрийн дарамт тусгаар тогтнолд чинь аюул занал авчирна” шүү гэсэн үг байнга бодлоос минь салахаа байлаа.
Та бүхэндээ энэхүү нөлөө бүхий алдарт эдийн засагчийн Монголын эдийн засгийг сэргээхэд өгсөн үнэтэй зөвлөмжүүдийг дахин уншихыг хүсвэл ЭНДЭЭС танилцаж болно.
Бид ашиг хонжоо харж хоёрдмол сэтгэлээр ажилладаггүй, үнэн мөнийг шударгаар хэлдэг, эдийн засгийн гайхамшигтай мэдлэг, туршлагатай хүмүүсээр улс орноо хөгжүүлэх талаар зөвлүүлж ажиллавал зүгээр юмсан даа.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал.
Улаанбаатар, 2017 оны 11-р сарын 8