Малчид, Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөж бичүүлэх боломжтой
Улсын хэмжээнд 300 мянга орчим малчин бий. Үүний дөнгөж 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 90 хувь нь нийгмийн баталгаагүй нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөж яваа гэсэн үг.
Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж буй 240 орчим мянган иргэний 15 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тоо бий.
Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 85 хувьд өндөр настан болсон хойноо нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөл байдал үүсээд буй. Иймээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг удаа нөхөн төлөх боломжийг засгийн газар олгож байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хууль гарсан байгаа. 1995 оноос 2016 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Энэ шилжилтийн хугацаанд шимтгэлээ төлж чадаагүй маш олон иргэд, малчид маань шимтгэлээ төлснөөр эрт тэтгэвэрт гарч болох бодит боломж бүрдэж байна. Энэ хуулийг малчид ажилчид маань ашиглаасай гэж бодож байна.