НИТХ даваа гараг хүртэл хойшлогдлоо
2017.09.29

НИТХ даваа гараг хүртэл хойшлогдлоо

НИТХ-ын  Шинэ даргыг томилох асуудлаар өнөөдөр хуралдах ёстой байсан боловч МАН-ын бүлэг даваа гараг хүртэл хойшлуулжээ.

Энэ сарын 22-ны өдөр НИТХ хуралдаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан билээ.  Ингэснээр дараагийн НИТХ-ын даргын сонгох болсон юм.

МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын нэр дэвшиж санал хураасан боловч АН-ын 10 төлөөлөгч хүчингүй санал өгч, үлдсэн санал тэнцсэн. Тийм учраас МАН-ын бүлэг ажлын 5 өдрийн завсарлага авсан юм. Ийнхүү өнөөдөр завсарлагааны хугацаа дуусч, НИТХ-ын нэгдсэн хуралдаан хуралдах ёстой байсан боловч МАН-ын бүлэг завсарлагаагаа сунгаж даваа гарагт хуралдахаар болжээ.

Сөрөг хүчин АН-ын хувьд үүнийг хурлын дэгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм. Харин МАН-ын хувьд яг ажлын таван өдөр нь Баасан гаригийн үдээс хойш ажлын цаг дууссаж таарч байгаа учраас, даваа гариг руу шилжүүлж байгаа гэсэн тайлбар өгч байна.

Хуралдаан хойшилсон талаар НИТХ дахь МАН болон АН-ын бүлгийн дарга байр сууриа илэрхийлжээ.

АН бүлгийн дарга         Ц.Баатархүү

Завсарлага сунгах шаардлага байгаа бол дэгийн дагуу өнөөдөр хуралдаж, МАН завсарлага сунгах хүсэлтээ тавих ёстой юм. Гэтэл завсарлага нэмж авах тухай хүсэлт тавихгүйгээр тодорхойгүй хугацаанд хойшлуулсан байна. 10 сарын 5-ны дотор 2018 оны нийслэлийн үндсэн чиглэлийг өргөн барьдаг. 10 сарын 1-нээс эхлээд нийслэлийн 2018 оны төсвийг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлын талаар цаг алдалгүй ярих ёстой байдаг. Харамсалтай нь энэ ажлыг ярихаас илүүтэйгээр албан тушаалынхаа  асуудлыг эрх баригчид шийдэж чадахгүйгээс болоод нийслэлийг бодлогоор хангаж байдаг НИТХ өнөөдөр тасалдлаа.

МАН бүлгийн дарга С.Мөнхчулуун

Хуульд зааснаар нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалтыг явуулна гэж байгаа.

Ажлын тав хоногийн дараагаар гэсэн нь баасан гаригийн өдрийн ажлын цаг дууссан цаг хугацаатай давхцаж байгаа бол хурлыг ирэх даваа гарагт хуралдуулахаар болж байна гэж НИТХ-ын ажлын албанаас үзэж байгаа.