М.Сономпил, Н.Удвал нарыг 100 хувь дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрчим хүчний сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн М.Сономпилийг хэлэлцэн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэр дэвшигч М.Сономпилийг танилцуулж үг хэллээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
М.Сономпил өмнө нь Батлан хамгаалахын сайд байсан, Засгийн газарт ажиллах туршлагатай улстөрч гэдгийг онцоллоо.Үүний дараа УИХ-ын Нийгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвалыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэр дэвшигчийг танилцуулсан юм. Н.Удвал нь парламентын гаднаас орж ирж буй хоёр дахь сайд юм. Н.Удвал хүүхдийн эмч мэргэжилтэй. Англид энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгээс ажлаа эхэлж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд хүртэл дэвшсэн хүн гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа. Энэ үеэр гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн зүгээс амаржих газруудад анхаарал хандуулж эхний хэлэлцүүлгээ хийсэн. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад хандсан ч хариу ирүүлээгүй.
Энэ асуудалд анхаарч өгөхийг нэр дэвшигчээс хүсч байлаа. Мөн гишүүн С.Одонтуяа эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн нүдээр харалгүй явж ирснийг хэлж сайд дэргэдээ эдийн засгийн баг, бодлогын зөвлөл ажиллуулах хэрэгтэйг хэлж байлаа. Гишүүн С.Эрдэнэ Хүний амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувьд даатгуулагч бүрийг цахим карттай болгож эмчилгээ үйлчилгээг сонгуулдаг эрхтэй болгох гэж буйг хэллээ. Мөн эрүүл мэндийн салбарыг зах зээлийн зарчмаар өрсөлдөөнтэй ажиллуулах нь чухал болохыг, сайн эмч ч 500 мянга, тааруу, хариуцлагагүй эмч ч 500 мянган төгрөгийн цалинтай байгааг өөрчилж сайн эмч нараа дэмжиж ажиллах хэрэгтэйг захилаа. Ижил цалинтай учраас гайгүй сайн эмч нар өглөөнөөс 11.00-12.00 цаг хүртэл ажиллаад л хувийн эмнэлэг рүү явж буйг хэлсэн юм.Үүгээр байнгын хороодын хуралдаан өндөрлөж М.Сономпил, Н.Удвал нарыг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болов.