УИХ-ын гишүүн Н.Учрал “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч болон Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлагчийн хувиар хүлээн авч уулзаж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр мөн “Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр нэгдсэн нь зөвхөн та бүхний асуудал биш. Та бүхэн ард түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй учир манай улсын нийт иргэдийн асуудал гэж ойлгож байгаа. Миний хувьд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж буйг ойлгож байна.
Хаврын чуулганаар үзэл баримтлалыг нь хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжсэн Багшийн хөгжлийн тухай хуульд шууд цалин нэмэгдүүлэхээр заалт оруулах боломжгүй байсан. Гэхдээ шууд зааж өгөөгүй ч ажлын гүйцэтгэл болон, ур чадварын төвшингөөр багшийн хөдөлмөрийг үнэлдэг болохоор тусгасан.
Нийгмийн халамжтай холбоотойгоор тусгай хөтөлбөр гарган түрээсийн орон сууцанд хамруулах, төрийн зарим үйлчилгээг тэргүүн ээлжинд хүртээх, дунд сургуулиудын багшийг хөгжүүлэх мөнгийг төсөвт тусгах гэхчлэн шууд зааж болох асуудлыг тусгасан байгаа. Миний хувьд Багшийн хөгжлийн тухай хуульд улстөржүүлсэн ямар ч байр сууринаас хандаж болохгүй, улстөржүүлэхгүйгээр батлах ёстой гэж үздэг. Намрын чуулганаар энэ хууль батлагдана.
Бие даасан хуультай болсноор багш мэргэжлийн нэр хүнд өсч, энэ мэргэжлээр суралцах залуусын тоо нэмэгдэнэ гэж бодож байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих боломжтой” гэв.
Дараа нь түр хорооны багш нарын төлөөлөл асуулт асууж, харилцан санал бодлоо солилцсон юм.
Түүнчлэн багш нар цалин нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, дэмжиж ажиллах хүсэлт тавьсныг хүлээн авч байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийллээ