Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сэргээх талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл багтдаг. Уг ажлын хэсгээс эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж эмнэлэг, сувилал, эмийн сан, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйлчилгээ эрхлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгодог юм.
Өнөөдөр Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сэргээх талаар хэлэлцлээ. Мөн цаашид тусгай зөвшөөрөл олгохдоо тавигдах шаардлагыг өндөрсгөх, байршлыг оновтой болгох талаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.