Хувийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
2017.06.12

Хувийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ жилийн хувьд нийт 73 иргэн, аж ахуйн нэгжээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Батболд барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 35 цэцэрлэг, 11 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргажээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр дээрх 35 цэцэрлэг, 11 сургуулийн удирдлагуудад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгөв.

“Та бүхний үүрэг оролцоотойгоор энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 2536, сургуулийн суудлын тоо 3464-өөр нэмэгдлээ. Улс, эх орны ирээдүй болсон бяцхан үрсээ асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх нэр төртэй ажлыг өндөр хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэж байна. Боловсролын салбарт хүчин зүтгэхээр сэтгэл шулуудан үйл ажиллагаагаа зориглон эхлүүлж буй та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ үеэр хэлсэн юм.

Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль байдаг. Мөн цэцэрлэгүүд хоёр дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа. Энэ мэтчилэн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал” гэдгийг онцолж байлаа.