Хятадын “Fosun” групп хөрөнгө оруулалтын глобал сүлжээ байгуулав
2017 оны 6-р сарын 19-нд зохион байгуулагдах Монголын бизнесийн зөвлөлийн 2 дахь Чуулга уулзалтад Фосун группын гүйцэтгэх захирал, тэргүүн дэд ерөнхийлөгч Алекс Гонг илтгэл тавина. http://bcmongolia.org/
Монголын бизнесийн зөвлөлийн итгэлт түнш “ORCHUULGA24” монгол хэлнээ хөрвүүлэв.
Хятадын конгломерат компани гадаадад хөрөнгө худалдан авах ажиллагаанд институцийн хөрөнгө оруулагчидтай хамтрах хүсэлтэй байна.
Хятадын конгломерат компани болох “Fosun International” группын Өмчийн газар глобал үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй Хятадын компаниудтай хамтран дэлхийн хэдэн арван хотод салбаруудаа нээжээ.
“Хятадын Засгийн газраас хөрөнгийн урсгалд хязгаарлалт хийж буй нь группын түншлэлийн төлөвлөгөөнд урт хугацаанд саад учруулна гэж үзэхгүй байгаа ч, ингэж хязгаарлах нь өнөөгийн нөхцөлд тодорхой нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэж “Fosun Property Holdings” группын ерөнхийлөгч Алекс Гонг мэдэгджээ.
Ноён Гонг Европын үл хөдлөх хөрөнгийн гол чуулга уулзалт болох “MIPIM”-д анх удаа оролцохдоо “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа: “Fosun” групп хөрөнгийн глобал зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх сонирхолтой Хятадын банк, даатгалын компани, чинээлэг иргэд, гэр бүлийн бизнесүүдийн хөрөнгө оруулагчдын сүлжээ байгуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн байна.
“Fosun групп болон Хятадын бусад институцийн хөрөнгө оруулагчдын өмчөөр франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийнэ. Одоогийн байдлаар “Fosun” группын өмчөөр худалдан авалт хийгдэж буй хэдий ч цаашид гуравдагч талын санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт найдаж байна” гэж ноён Гонг дурдав.
Хятадын Уоррен Баффетт гэгддэг Гуо Гуангчангийн 1992 онд Шанхай хотод үүсгэн байгуулсан “Fosun” групп сүүлийн жилүүдэд санхүүгийн үйлчилгээ, хөрөнгийн зах зээлд хэдэн тэрбумыг зарцуулж үйл ажиллагаагаа гадаадад нэлээн өргөжүүлэн тэлж байгаа юм.
Тус групп Италийн “UniCredit Milan” банкны өмнөх төвийг 345 сая еврогоор, Лондоны “Thomas More Square” -г 300 сая фунт стерлингээр, Нью-Йоркийн “One Chase Manhattan Plaza” цамхагийг 725 сая доллараар худалдан авчээ.
Бээжин сүүлийн жилүүдэд компаниудын гадаадад зах зээлээ тэлэх нөхцлийг хумих зорилгоор гадаадад хөрөнгө оруулалт хийх гэж буй компаниудад хатуу шалгалт хийж буй билээ.
Гадаад руу гарах хөрөнгөнд ийнхүү хяналт тавих бодлого нь Хятадын гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалын ирээдүйг хиртхийлгэж байгаа ч,“Засгийн газар хаалга хааж байна гэж би бодохгүй байна. Энэ бол хөрөнгийн урсгалыг саадгүй жигд байлгах үүднээс авч буй арга хэмжээ, ердийн хязгаарлалт байх. Хүмүүс Хятадаас яваагүй, тэд зүгээр хувиарлалтаа Хятад, дэлхийн бусад улс орны хооронд тэнцвэржүүлж байгаа хэрэг” гэж ноён Гонг дурджээ.
Мөн тэрээр “Fosun” Хятадын “маш идэвхтэй” хөрөнгө оруулагч хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн сард 2 сая долларын үнийн дүн бүхий газар худалдан авсныг онцлов.
“Fosun” группын Өмчийн газар дотоодын хөрөнгө оруулалтын компаниудыг худалдан авах эсвэл нэгжээ шууд байгуулах замаар салбаруудаа Токио, Лондон, Лиссабон, Нью-Йорк, Цюрих, Сидней, Сан-Паулу, Москва, Сингапур, Милан, Сөүл, Мумбай, Франкфурт, Варшав хотод тус тус нээжээ.
Нью-Йорк, Лондоны “халуун” зах зээлүүдээс хальж, Францын “Paris Reality Fund” компанийн 51 хувийг худалдан авах ажиллагаа хийгдэж байгаа талаар ноён Гонг мэдэгдлээ.
Түүнчлэн тэрээр “Fosun “ групп бүтээн байгуулалт, нөхөн сэргээх замаар өртөг нэмэх хөрөнгө худалдан авахыг голчлон анхаардаг бөгөөд Хятадын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хилийн чанад дахь худалдан авалтынхаа хүрээг өргөжүүлэхийг зорьдог” хэмээн онцлов. Мөн Англи, Канад, Америкт дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
“Fosun” групп Хятадын дэд бүтцийн томоохон компаниудын төлөөлөл хэдий ч зөвхөн дотооддоо хөрөнгө оруулалт хийж ирсэн. Бид Хятадаас гадагшаа дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхийг маш их сонирхож байна. Ашиг өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа хэдий ч бид эхлээд өөрсдийн платформыг бэхжүүлэх хэрэгтэй байна” гэж ноён Гонг дурдлаа.
“Fosun” групп өнгөрсөн жил зээлийн профайлаа сайжруулахаар металл, уул уурхай зэрэг салбарт 6 тэрбум долларын үнийн дүн бүхий хөрөнгө борлуулсан төдийгүй үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт худалдан авалт хийсээр байгаа аж. “Fosun” групп мөн Английн “Wolverhampton Wanderers” хөл бөмбөгийн клубыг худалдан авчээ.