УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.05.31

С.Чинзориг: Өөр хүний хүлээх хариуцлагыг сайдад тохож байгаа нь хэр зохистой вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, санал хэлсэн юм. 

С.Чинзориг: Хариуцлага тооцох ёстой. Гэхдээ энэ удаагийн хариуцлага тооцож байгаа асуудал бол эзнээ олсон уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Ж.Батсуурийн хувьд Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа ганц ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн гэж үздэг.

Ж.Батсуурь нь Аймгийн Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн хүртэл ажлын асар их дадлага туршлагатай, төрийн гал тогоонд чанагдсан хүн. Энэ Засгийн газарт ажиллаж байгаа цөөхөн эрдэмтэн, докторын нэг. Ийм хүнд хариуцлага тооцох тухай яригдаж байгаад гайхаж байна.

Хэдэн хоногийн өмнө БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 100 хувийн саналаар дэмжсэн. Дэд сайдыг нь дэвшүүлээд Элчин сайдаар томилсон атлаа сайдыг нь огцруулах тухай санал оруулж ирж байгаа нь ёс зүй, зарчимд нийцэж байна уу?

Ж.Батсуурийг хүний өмнөөс “цэрэгт мордох гэж байна уу даа” гэж харж байна. Сайдыг огцруулах танилцуулга дүгнэлтийг аваад үзэхэд, ёс зүйн ямар ноцтой алдаа гаргасан эсэх, ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой харагдахгүй байна.

29 дүгээр сургуулийн сурагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан нь сайдын эрхлэх хүрээний асуудал биш Нийслэлийн боловсролын газрын даргын харьяанд байдаг асуудал шүү дээ. Нийслэлийн харьяа газартай хариуцлага тооцохгүй атлаа сайдтай нь хариуцлага тооцож байгаа нь хэр оновчтой юм бэ?

Танилцуулгад дурдсанаар бол, яамны өдөр тутмын үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар хангаагүй гэж байна. Хуульд зааснаар бол яамны өдөр тутмын үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга хариуцдаг. Хуулийн дагуу бол өөр албан тушаалтны хүлээх хариуцлагыг сайдад тохож байгаа нь хэр оновчтой вэ?

Цаашид салбарын хэмжээнд зөвхөн сайдад хариуцлага тооцох биш сайдтайгаа гар нийлж ажиллаж чаддаггүй, яамны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулж чаддаггүй Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдлагуудтай ажиллаж чадахгүй гээд байгаа газрын дарга нартай үе шаттай хариуцлага тооцох уу?

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Ж.Батсуурь бол Засгийн газарт ажиллаж байгаа докторын зэрэгтэй сайдуудын нэг мөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24,1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажлын хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд улмаар УИХ-ын өмнө дангаар хүлээнэ.

Харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Энэ үүргийн хүрээнд яам, тухайн салбараа удирдах ёстой. Энэ үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд огцруулах санал оруулж байна. Мөн олон мянган төгсөгчид, тэдгээрийн эцэг, эхчүүдийн бухимдал газар авсан, Монгол Улсад анх удаа элсэлтийн шалгалтыг дахин авч байгаа нь салбарын нэр хүнд, Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Цаашид зөвхөн сайдтай хариуцлага яриад зогсохгүй. Төгсөлтийн шалгалттай холбоотой алдаа, дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно.