Д.Гантулга гишүүн хүүхдийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2016.07.26

Д.Гантулга гишүүн хүүхдийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Хүүхдийн байгууллагын удирдлагууд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай уулзаж талархал дэвшүүллээ. Тухайлбал МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн технологийн газрын дарга Д.Сайханбилэг, мөн тус газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга н.Байгальмаа, Монгол Сурагчдын Холбооны Тэргүүн О.Сэлэнгэ, Сургуулийн Нийгмийн ажилтаны нийгэмлэгийн Тэргүүн М.Мөнхжаргал нар болон Ерөнхий боловсролын сургуулийн Эцэг эхчүүдийн Холбоо, Монголын Скаутын холбооны гадаад харилцааны албаны дарга , Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Цолмон, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны мэргэжилтэн Н.Оргилсайхан, Лидер сурагч академийн Тэргүүн Д.Мандах, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын сүлжээ зэрэг хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Гантулгатай уулзаж хүүхэд, гэр бүл, залуучуудын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж цаашдын үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцлоо.

Тус уулзалтын үеэр хүүхдийн байгууллагынхан хүүхдийн байгууллагаас УИХ-ын гишүүн төрсөнд баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон үйл ажиллагааны чиглэл, зорилтыг өргөтгөн ажиллуулах санаачлага гаргасныг нүдээ олсон зөв шийдвэр байсныг онцолж, хүүхдийн байгууллагаас гаргасан шинэхэн бүтээлийн анхны эхийг бусад товхимол, дурсгалын зүйлийн хамт гардууллаа.

Мөн хүүхдийн байгууллагуудын төлөөлөл цаашид Монголын хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудалд залуу удирдлага, боловсон хүчин хэрэгтэй байгааг онцлон энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг хичээнгүйлэн хүсч байлаа.