2017.05.19

Засгийн газар яарч, УИХ хойш суух уу?

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. 

Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хийсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Х.Баделхан, Я.Санжмятав нарын гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахын тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал авах өдрийг сонгууль болохоос 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэснийг 21 хоног гэж өөрчлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ. 

21 хоног гэдэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд сурталчлан таниулахад хангалтгүй хугацаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах нь тийм ч зөв шийдэл биш гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үзэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тухайд сонгуульд оролцох иргэдийн идэвх харьцангуй суларсан тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ ард түмнээсээ асууна гэдэг бол сонгуулийн ирцийг сайжруулах гэсэн нэг арга гэж харж байна. 

Нөгөө талаар Үндсэн хуулийн өөрчлөлт нь Засгийн газрын эрх мэдлийг нэмэхэд чиглэсэн жижиг өөрчлөлт биш засаглалын хэлбэр, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг томоохон асуудлыг ард түмнээсээ асууж шийдэх зөв гэж зарим гишүүн саналаа хэллээ. 

Засгийн газар 21 хоног гэдэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэнд таниулахад хангалттай хугацаа гэж үзэж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаагийн гол шалтгаан нь эдийн засгийн хэмнэлт бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган санал асуулга явуулснаар 30 орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ. 

Тэрээр ард түмнээсээ асуух замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч бий гэдгийг тодотголоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гээд 2020, 2021 оноос хэрэгжих тул энэ Засгийн газар эрх мэдлээ нэмэх гэсэн оролдлого биш бөгөөд гол нь л эдийн засгийн хэмнэлт гэсэн юм. 

Учир нь гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт нь Засгийн газрын хийх ажил биш. Ерөнхийлөгч, УИХ-аараа хэлэлцэх асуудал гэж хатуухан хэлж байлаа.