Т.Бадрал: Төрийн өмнөөс үүрэг хүлээдэг хүмүүсийн нийгмийн баталгаа өндөр байх ёстой
Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөсөн томхон үйл явдал Азийн цээжинд орших Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан юм.Тэр нь “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээ. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ амжилттай зохион байгуулсныг АНУ-*ын Номхон далайн цэргийн командлал өндрөөр үнэлснийг уншигч таны сонорт дуулгахад таатай байна. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралтай манай сурвалжлагч Өмнөговь аймагт уулзаж ярилцсан байна.
-Монгол Улс “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. ОБЕГ-ын даргын хувьд сэтгэл хангалуун байна уу?
“Говийн Чоно-2017” олон улсын дадлага сургуулилтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газар болон ОБЕГ-аас 2008 онд АНУ –ын Элчин сайдын яамаар дамжуулан АНУ-ын Номхон далайн цэргийн командлалд тавьсан. Тухайн үед манай улс гамшгаас хамгаалах нөхцөл байдал, гамшиг тохиолдсон үед авах хариу арга хэмжээ тааруухан байсныг нуугаад яах вэ. ОБЕГ байгуулагдаад удаагүй, дөрөвхөн жил болж байлаа шүү дээ.
Аливаа гамшиг ослын үед хариу арга хэмжээг яаралтай авах нь нэг улс үндэстний гэхээс илүү бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал болохыг сүүлийн арван хэдэн жилд гарсан том, том гамшгууд харуулсан.
Жишээ нь Япон бол эдийн засгийн чадамжтай том улс. Гэтэл 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон гурвалсан гамшиг буюу цунами, газар хөдлөлт, цөмийн аюулгүй байдал алдагдахад хүчин мөхөсдөж, бүс нутгийн улс орнуудаас тусламж хүссэн. Монгол Улс авран хамгаалах, эрэн хайх багаа илгээж байлаа. Хэдийгээр бидний илгээсэн баг туршлага дутмаг ч ядрах цагт нөхрийн чанар танигдана гэдгээр чадлынхаа хэрээр үүргээ амжилттай биелүүлээд ирсэн.
Мөн хоёр жилийн өмнө Непальд хүчтэй газар хөдлөлт болоход Засгийн газарт нь хариу арга хэмжээ авах боломж байгаагүй. Өөрөөр хэлбэл, чадал нь хүрээгүй. Сычуаны газар хөдлөлт ч ялгаагүй. Энэ бүхэн юу хэлж байна вэ гэхээр гамшгийн хор хөнөөл, хохирол тухайн орны хүчин чадлаас давсан тохиолдолд бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд шийдэхээс өөр гарц байдаггүй гэдгийг бид хаа хаана аа ойлгох ёстой. “Говын чоно-2017 ” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээг ОБЕГ 2008 оноос зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийнх зургаа дахь нь. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, Өмнөговь аймаг дахь манай ОБГ энэхүү арга хэмжээг орон нутагтаа өндөр түвшинд амжилттай зохион байгуулсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
-Номхон далайн цэргийн командлал олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээг Монгол Улсад тэр дундаа орон нутагт зохион байгуулах эрхийг өгөхдөө ямар нэг шалгуурыг тавьсан уу?
АНУ- Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдсэн асуудал. Өмнө нь хийгдэж байсан дадлага сургуулилт зөвхөн хоёр орных байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжин олон улсын хэмжээний дадлага сургуулилт руу шилжсэн. БХ салбар Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгууллагддаг “Хааны эрэлд” олон улсын дадлага сургуулилтыг “Говийн чоно”-ыг адилтгаж болно. Нэг түвшиний хоёр өөр салбарын арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.
Энэ жил Ази Номхон далайн орнуудаас Тайланд, Пакистан,Энэтхэг зэрэг байгалийн гамшиг байсхийгээд болдог орны ОБЕГ-аас “Говийн чоно” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээнд ажиглагчийн байр сууриас бус багийн бүрэлдэхүүнтэй ирж оролцох хүсэлтээ ирүүлж буйгаас үзэхэд бүсийн нутгийн улс орнууд энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл буй за.
Хамгин гол нь бүсийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх цаашлаад өөрийн орны бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах нь “Говийн чоно”-ын гол зорилго чиглэл байсан.
Нөгөөтэйгүүр, шинээр батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгийн эрсдлийг бууруулах болон гамшиг гарсан тохиолдолд авах хариу арга хэмжээг дээшлүүлэх тухай асуудал онцгой байр суурьтайгаар тусгагдсан. Учирч болзошгүй гамшиг ослын хэмжээ тухайн аймаг, орон нутаг цаашлаад тухайн улс үндэстний Засгийн газрын хүрээнээс давсан тохиолдолд гадны улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг энэхүү дадлага сургуулилтаас мэдэж авах юм. Дэлхий дахинд тохиолдсон гамшиг ослыг даван туулах тусам засч залруулах алдаа эндэгдэл гарч ирсээр байна. Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичиргээний давтамж ойртож, хот суурин газарт гэлтгүй хөдөө, орон нутагт мэдрэгдэж буй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон газар хөдлөлтийн чичиргээ ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнийг төдийгүй орон нутаг өөрөө бэлэн байхыг сануулж буй том анхааруулга гэдгийг ойлгох ёстой.
- “Говийн чоно-2018 оныг зохион байгуулах эрхийг Монгол Улсад дахин олгох аваас оролцогч орон хийгээд бие бүрэлдэхүүн нэмэгдвэл түүнийг хүлээн авах хүчин чадал бидэнд байна уу. Миний хэлэх гэсэн санаа бол Зэвсэгт хүчин шиг сургалтын баазтай болох нь ялангуяа таны ажил, таны зорилго бус уу
- Тантай санал нэг байна. Миний, бидний маргаашийн зорилгыг та онож хэллээ. Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшиг гарсан тохиолдолд манайх өөрийн багийг илгээх чадавхтай байх ёстой. Олон улсад үүрэг гүйцэтгэх багийг маш богино хугацаанд зохион байгуулах хуультай. НҮБ-ын Олон улсын эрэн хайх, аврах бүлгийн ангилал бүхий баг 65 хүний бүрэлдэхүүнтэй байдаг.
Өнөөдрийн байдлаар тэрхүү багт багтах эмч, аврагч, нохой хөтлөгч нарыг бэлтгэх сургалтын бүртгэл манай улсад эхэлсэн. Тэднээс сонгон шалгаруулж, олон улсад илгээх багийг бүрдүүлнэ. Тодруулбал, АНУ-ын Номхон далайн командлалаас тавьж буй шаардлагыг хангасан тохиолдолд Монгол Улс бүс нутагтаа үйлчлэх эрх бүхий багтай болох юм. Тийм орон цөөн шүү дээ. Нөгөө талдаа Монгол Улсад том хэмжээний гамшиг гарсан тохиолдолд гаднаас ирэх олон улсын баг бие бүрэлдэхүүнийг хүлээж авах асуудал үүснэ.
Үнэнийг хэлэхэд, бие бүрэлдэхүүний чадавхиас илүүтэй тэдний техник тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх, гаалийн татвараас чөлөөлөх асуудал бидний сэтгэлийг зовоодог.
Сая батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд гаднаас орж ирж байгаа хүмүүнлэгийн тусламж гэсэн бүхэл бүтэн бүлэг бий. Хуулийн хүрээнд гадны улс орноос хүмүүнлэгийн тусламж авах, эрэн хайх багийг Монголд нэвтрүүлэх, ажиллуулах, буцаах журмыг нэн даруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах ёстой. Мөн хуулийн үйлчлэл ямар хүрээг хамрах вэ гэхээр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна хүмүүнлэг, гамшгийн үед авах хариу арга хэмжээнд оролцож байгаа олон улсын болоод төрийн бус байгууллагууд багтах ёстой.
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын техникийн экспертүүд Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байгаа. Монгол Улс энэ бүхнийг багтаасан журамтай болсон тохиолдолд гадны эрэн хайх, аврах багуудыг хүлээж авах эрх зүйн орчин бүрдэх юм. Бидний тооцоолж буйгаар 2018 оы нэгдүгээр сар гэхэд журам батлагдах байх.
- ОБЕГ АСЕМ-тай дүйцэхүйц арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Бэлтгэл ажлын явц ямар байгааг сонирхвол?
-Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр дэлхийн 86 улс хүлээн зөвшөөрч баталсан дагаж мөрдөх Тунхаг бичиг гэж байдаг юм. Үүнийг бүс нутгийн хэмжээн мөрдөж, хамтран ажиллах өөрсдийн төлөвлөгөөг улс үндэстэн бүр өөр өөрийн төлөвлөгөөний дагуу журмаа баталдаг. Эл хүрээнд Монгол Улсад гамшгийн эрсдлийг бууруулах түүнчлэн бүс нутгийн хэмжээний гамшгийг бууруулах Сайд нарын бага хурлыг Монгол Улс 2018 онд зохион байгуулах эрхийг авсан.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Монгол улсын Шадар сайд ажлын хэсгийг ахалж буй. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан. Түүнчлэн Монгол Улс Сайд нарын бага хурлын зорилго зорилтыг тодорхойлсон.
Сүүлийн жилүүдэд хот суурин газарт гамшиг болох эрсдэл өндөр болж байна. Тиймээс гамшгийг даван туулах чадавхийг гол зорилтоо болгоё. Нөгөөх нь гамшгийн эрсдлийг бууруулахад зарцуулагдах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар санал солилцох юм. Манайд 2018 онд хуралдах Сайд нарын бага хурлаар хэлэлцэх үндсэн асуудал нь энэ хоёр.
- Санхүүжилт нь шийдэгдсэн үү?
Монгол Улсын Засгийн газар бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шат шатандаа шийдэж байгаа. НҮБ-д гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн төв гэж байдаг. Энэ төвтэй хамтран ажиллаж байгаа.
- ОБЕГ-ын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин хөдөө, орон нутаг дахь анги нэгтгэлийн статус газар болсон байна лээ. Бие бүрэлдэхүүн өргөжихийн хэрээр хөрөнгө санхүүжилт нэмэгдэж таарна.
- Байгууллагын статусыг нэмэгдүүлнэ гэдэг санаан зоргоор бүтэх ажил биш. Хөрөнгө санхүү, хүний нөөцийн асуудал хамгийн түрүүнд тулгардаг. Өмнө нь хөдөө, орон нутагт Онцгой байдлын хэлтэс байсан бол эдүгээ газар болж өргөжсөн. Тэр хэрээр ангиудын зэрэглэл нэг шатаар ахисан. Дээр нь авран хамгаалах, эрэн хайх анги, салбаргүй сум, суурин газарт шинээр албыг байгуулсан.
Түүнчлэн салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан анги, бүлгүүдийг салбар болгох зэргээр зэрэглэлийг нь ахиуллаа. Гэхдээ бүх зүйл бидний санаснаар болохгүй юм. Улс орны эдийн засгийн байдал ч нөлөөлж байна. Ямартай ч 2020 гэхэд техник, тоног төхөөрөмж, парк шинэчлэлийн асуудлаа шийдэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж буй.
Албан хаагчдын орон тооны асуудал хүндхэн байна. Өнгөрсөн 2015,2016 онд найман анги шинээр байгууллагдсан.Тэр хэрээр орон тоо нэмэгдсэн. Мөн энэ онд гурав, 2018 онд дөрвөн ангийг шинээр нэмж байгуулна. Орон тооны хувьд шинээр байгуулагдсан ангиудын хэмжээнд яригдаж байгаа болохоос хуучин анги нэгтгэлийн хүчин чадлыг нэмэх боломжгүй. Шинэ зохион байгуулалтын хүрээнд 2018 оны төгсгөл гэхэд хүн хүчний асуудал бүрэн шийдэгдэх учиртай.
Зэрэглэл нь ахисан ангиудын тухайд хүн нэмэхээс илүү сургалтад хамрууулах асуудлыг түлхүү ярина. Ер нь манай байгууллага онцгой байдлын албанд алба хаах хүсэлтэй иргэдэд тавих шаардлагаа өндөр болгосон. Сонирхол бүхий залуучуудын тоо ч нэмэгдсэн.
- Онцгой байдлын албанд ажиллах сонирхолтой залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь Ерөнхий газрын зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг маш сайн шийдэж байгаа учраас нийгэм сайнаар хүлээн авч байгаа хэрэг?
- Ерөнхий газрын баримталж буй бодлого гэвэл ярих бус бодит ажил болгохыг чухалчилсаар ирсэн.
Өдгөө алба хааж буй залуучуудаа насны хувьд авч үзэхэд 25-30 насныхан зонхилж буй. Залуу гэр бүлд бүх зүйл хэрэг болдог. Тиймээс тэдэнд ар гэртээ санаа зовохгүйгээр үүрэг гүйцэтгэх тийм нөхцлийг бүрдүүлэх нь бидний үүрэг.
Манай албан хаагчид маш онцгой, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Хувь хүнээс сэтгэлийн тэнхээ, мэдлэг боловсрол, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг алба. Хүний амь настай холбоотой асуудал минут секунтээр хэмжигддэг . Зарим тохиолдолд өөрөө ч амь насаа алдаж болно. Төрийн өмнөөс үүрэг хүлээдэг хүмүүсийн нийгмийн баталгаа өндөр байх ёстой юм.
Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Удахгүй шийдэгдэх байх. Хууль, эрх зүйн бичиг баримт нь бүрдчихвэл зохион байгуулах нь бидний хувьд асуудалд хойш сууж, түүртэх явдалгүй. Ер нь аливаа байгууллага удирдаж буй хүнээсээ шалтгаалдаг.
Би газар, хэлтэс, албадынхаа дарга нарт нэг л шаардлагыг тавьдаг. Энэ нь юу гэхээр хамгийн гол нь асуудлын цаана хүний амьдрал явж байдаг учраас нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхийг шаарддаг. Төрд зүтгэж байгаагийн хувьд хамгийн өндөр цалин, урамшуулал авах ёстой. Мөн нийгмийн баталгаа нь бүрэн хангагдсан байх ёстой гэж боддог доо.
Ч.Чулуунцэцэг