Аюул сөрсөн онцгой хүмүүс
Улсын хэмжээнд онцгойгийнхонд зориулсан ганц ч нисдэг тэрэг байхгүй
“Анх онгоцноос шүхрээр үсрэх гэж байхдаа энэ ажилд дэмий орж дээ гэж бодож билээ. Нэгэнт хаалган дээр очсон хойно ичсэн нүүрэндээ л үсэрсэн дээ. Харин олон удаа буулт хийхээр рефлекс болчихдог юм билээ” хэмээн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин аврагч Б.Тэлмэн ярив. Тэлмэн бол тус ангийн 45 шүхэрчин аврагчийн нэг. Анх элдвийг бодож, айдас хурган зогсож байсантай харьцуулахад тэрбээр 400 гаруй буулт хийсэн, хашир туршлагатай аврагчийн нэг болжээ.
Түүнтэй ярилцаж суухад аврагч гэдэг хүнд хэцүү, амь дүйсэн хэрнээ бахархалтай ажил болохыг илүүтэй ойлгосон юм. Эдгээр залуус дуудлага авсан даруйд шүхэр хэрэгслээ бэлдэж аваад нисдэг тэргэнд сууж улаанаар эргэлдсэн түймрийн газрыг зорино. Түймрийн голомтод очсон хойноо утаан хөшиг суунагласан газарт 1500 метрийн өндрөөс үсэрнэ гээд төсөөл дөө. Тэд хэдийгээр өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс ч гэлээ энэ бол хэцүү даалгавар гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ сонгож авсан мэргэжил нь юм хойно аюултай нүүр тулахаас өөр аргагүй.
Үүрэг гүйцэтгэхдээ юу юу авч явдагийг нь сонирхож үзлээ. Шүхэр нь ойролцоогоор 15 кг гэнэ. Үүнийг ардаа үүрчихнэ. Мөн 20 литр устай сав, өөдөөс нь сөргүүлж гал тавих зориулалттай цуравдагч нэртэй тусгай багаж, гурав хоногийн хоол, галаас хамгаалах нөмрөг зэрэг багтана. Ийнхүү бэлтгэлээ базаасан тусгай баг түймрийн голомтод очиж, аюул тархахаас өмнө унтраахаар үзэж тардаг аж. Тус ангийн алба хаагчид хамгийн сүүлд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Норовлин суманд гарсан түймрийг амжилттай унтраагаад иржээ.
Онцгой байдлын аврагчдын амьдралыг харуулсан Холливуудын сайн бүтээл хэд хэд бий. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь К.Костнерийн “The Guardian”, Ж.Траволтагийн тоглосон “Ladder 49” байна. Хүмүүс эдгээр киноноос тухайн мэргэжлийн онцлог, гүйцэтгэдэг үүргийн хүнд хэцүүг бага ч болов мэдэрдэг. Харин манайд бол иймэрхүү уран бүтээл цөөн. Тэр хэрээр онцгой байдлын алба хаагчдын талаарх энгийн иргэдийн мэдлэг тийм ч сайн биш.
Ер нь манай онцгойгийнхны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц бололцоо ямархуу байдаг бол. Аюултай улаан гараараа нүүр тулдаг байсан үеэсээ сайжирч чадсан уу. Үүний хариултыг олохын тулд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид зочилсон юм. Тус ангийг сонгосон нь ч учиртай. Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит энэхүү анги улсын хэмжээнд хамгийн том нь. Улс даяар гарсан томоохон осол гамшгийн үед тэд л ажиллах ёстой аж.
Нийт 220 алба хаагчтай энэхүү анги агаарын ажиллагаа, эрэн хайх, тусгай чиг үүргийн болон химийн ажиллагаа гэсэн үндсэн дөрвөн салбартай. Мөн нисэгчгүй онгоцны төхөөрөмж буюу дроны тусгай бүлэгтэй. Одоогоор гурван дронтой үйл ажиллагаа явуулдаг юм байна.
МӨН ИНЖЕНЕРҮҮД НЬ ӨӨРСДИЙН ЗОХИОН БҮТЭЭСЭН ДРОНЫГ БИДЭНД ТАНИЛЦУУЛЛАА. БУСАД ДРОНЫ АДИЛ НИСДЭГ, ГЭХДЭЭ КАМЕРЫГ НЬ ЭРГҮҮЛДЭГ БОЛГОХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭСЭН.
Хамгийн сүүлд Богд ууланд гарсан түймрийг унтраахад дрон ашиглажээ. Эхлээд уулын орой руу дроноо нисгэж, түймэр яг хаагуур гарч байгааг тогтоож, хаанаас эхэлж унтраахыг тодор- хойлоход их нэмэр болсон байна.
Орбитод байрлах тус ангийн хашаагаар ороход цэргийн ихэнх ангид байдаг шиг намхан байшингууд угтлаа. Энд штабын төв байраас гадна соёл, спортын танхим, агуулах, ажилчдын байр бий гэдгийг Сургалт, соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Г.Тэгшээ тайлбарлав. Аврагч болох сонирхолтой залуус олон учир тэднээс сонгон шалгаруулж албандаа авдаг байна. Цэргийн алба хаасан, бие бялдрын хөгжил сайтай байх ёстой гэсэн ерөнхий шалгууртай аж. Техник хэрэгслийн хангамж ямархуу байдгийг сонирхоход ерөнхийдөө нааштай хариу өгч байв.
“Аюул осолтой улаан гараараа үздэг байсан үе бидэнд бий. Ялангуяа 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед техник, бүтэц зохион байгуулалтын хувьд тун хэцүү байсан.
2003 ОНД ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ БАТЛАГДАЖ, ОБЕГ БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХАМААГҮЙ САЙЖИРСАН.
Багаж хэрэгсэл зохих хэмжээгээр хангагдаж байгаа. Арав, хорин жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй.
Мэдээж бүх багаж хэрэгсэл маань өнөөдрийн шаардлагад нийцэж байна уу гэвэл тийм биш. Гэхдээ багаж хэрэгслээс илүү хувь хүн өөрөө маш сайн бэлтгэгдсэн байх ёстой гэж бид үздэг” хэмээн ангийн захирагч Д.Намсрай ярилаа.
Гэхдээ тэдэнд нэг зүйл хамгийн их дутагдаж буй. Энэ нь нисдэг тэрэг. Монгол Улсын хэмжээнд онцгойгийнхонд зориулсан ганц ч нисдэг тэрэг байхгүй гэдгийг сонсоод итэмээргүй санагдсаныг нуух юун. 2007 онд Ми 8-ын ослын дараа манай улс хоёр нисдэг тэрэг худалдан авчээ. Гэвч хоёуланг нь зэвсэгт хүчний мэдэлд өгсөн байна. Тиймээс аврагчид шаардлагатай тохиолдолд тэндээс нисдэг тэрэг түрээсэлж, үүргээ гүйцэтгэдэг гэнэ. Ганц цагийн түрээс нь гэхэд л гурван сая гаруй төгрөг болохоор их хүндрэлтэй гэдгийг албаныхан учирлаж байлаа.
“Монгол орон өргөн уудам газар нутагтай. Тэгсэн хэрнээ дэд бүтэц муу. Гамшиг тохиолдсон хол газарт очъё гэхэд нисдэг тэрэгний асуудал хүнд байдаг.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ НИСДЭГ ТЭРЭГГҮЙ УЛС МАНАЙХААС ӨӨР БАЙХГҮЙ БАЙХ. ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА ГАРВАЛ ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА БОЛОХ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭСЭЭ ОНГОЦ АВЧ БАЙНА.
Авахын тулд дарга даамал, бичиг баримт гээд хугацаа их алдана. Өөрсдөө бэлэн байсан ч унаа маань бэлэн болдоггүй. Энэ нь бидний ажлын үр дүнд шууд нөлөөлдөг” хэмээн Д.Намсрай захирагч ярьсан.
Техник хэрэгслээ хадгалдаг өрөөгөөр нь орж үзлээ.
Бүгдийг жин тан бэлтгэж, яаралтай тохиолдолд шууд аваад гарахад бэлэн болгожээ. Жишээ нь, шүхэрнүүдээ урьдчилан шалгаад эгнүүлэн өржээ. Авч гараад нуруундаа үүрэхэд бэлэн гэсэн үг. Г.Тэгшээ даргаас “Танай шүхэрнүүд дээр үеийн Оросын эд үү” гэж асуугаад буруудав. “Юу ярьж байгаа юм бэ. Сүүлийн үеийн сайн чанарын герман шүхэр. Чиний яриад байгаа шүхрийг УАЗ 469 гэж бодвол энэ шүхэр Лексус 570 гэсэн л үг” хэмээн их бардам тайлбарлаж байна лээ.
“Бид хориод жилийн өмнө түймэртэй их л ядмагхан тэмцдэг байж дээ. Одоогийнх шиг үлээгч аппарат, устай сав байсангүй. Ард иргэдтэй нийлээд шуудуу татах маягаар л унтрааж байлаа шүү дээ” хэмээн Г.Тэгшээ нэмж хэлсэн юм.
Түймэртэй тэмцэхээр яваа аврагчид галаас хамгаалах тусгай бүтээлэгтэй байдаг тухай өгүүлсэн. Энэ нь аврагчдын амь насыг хамгаалах зорилготой. Салхи ихтэй үед түймэр чиглэлээ гэнэт өөрчлөх тохиолдол бий. Ийм нөхцөлд аврагчид өөрсдөө аюулд өртөх эрсдэлтэй.
2012 ОНД ДОРНОД АЙМАГТ ТҮЙМЭР УНТРААХААР ЯВСАН ДӨРВӨН АВРАГЧ ЯГ ИЙМ БАЙДЛААР АМЬ ЭРСЭДСЭН ХАРАМСАЛТАЙ ТҮҮХ БИЙ. ТЭДЭНД ХАМГААЛАЛТЫН НӨМРӨГ БАЙГААГҮЙ НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖЭЭ.
“Ер нь амархан даалгавар гэж байхгүй дээ. Түймрийн утаа түрүүлж явдаг учраас харагдах орчин хязгаарлагдаж, хаа яваагаа мэдэхээ болих тохиолдол бий. Би ажилд ороод удаагүй байхдаа халуун утаан дунд төөрч, балрах шахсан. Ард маань туршлагатай хүн байсан учраас татаж гаргасан. ГАЗ 53 машинд сууж, 40-50 км/цагийн хурдтай давхиж байхад араас хуйлраад л хөөгөөд байсан. Эвгүй юм билээ” хэмээн аврагч Тэлмэн дурслаа.
ТҮҮНЧЛЭН ИДЭР ЕСИЙН ХҮЙТЭНД ХӨВСГӨЛ НУУРЫН УС РУУ 50 МЕТРИЙН ГҮНД ШУМБАЖ, ЧИРГҮҮЛТЭЙ МАШИН ГАРГАЖ БАЙСАН ГЭЭД АВРАГЧДАД ТОХИОЛДСОН ХЭЦҮҮ ДААЛГАВАР ОЛОН БИЙ.
Онцгой байдлын аврагчид жилийн дөрвөн улирлын турш аюул осолтой нүүр тулдаг. Одоо ид хуурайшилтын цаг болохоор түймрийн аюул санаа зовоох гол асуудал болжээ. Өмнө нь 3-6, 10-11 дүгээр сард түймэр дэгддэг байж. Гэвч сүүлийн жилүүдэд 2-11 дүгээр сарыг дуустал түймэр 1асрахаа больжээ. Цаг агаарын дулаарлаас болж газар нутаг хуурайшиж байгаа нь үүнд нөлөөлсөн байна.
"Бид 1990-ээд оны эхээр ой хээрийн түймэртэй тэмцдэг байсан аргаасаа татгалзахаас аргагүй болж байна. Яагаад гэвэл тэр аргаар унтраах боломжгүй болсон. Өмнө нь устай үүргэвч үүрээд, түүгээрээ шүршээд унтрааж болдог байлаа. Харин одоо ус шүршихийн хажуугаар малтаж байна. Яагаад гэвэл гүний ус доошилж, хөрс илүү хуурай, өвс ургамал үндсээ хүртэл хатдаг болсон. Тиймээс ус цацахаас гадна газар ухахгүй бол унтрахаа больсон” хэмээн Намсрай дарга тайлбарласан юм.
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛДАГ ГЭДЭГ. ИРГЭД АМРАЛТ ЗУГААЛГААР ЯВАХДАА САНАМСАРГҮЙ ГАРГАСАН ГАНЦ АЛДАА АЮУЛТ ТҮЙМРИЙН ҮНДЭС БОЛОХ НЬ ОЛОНТАА.
Харин энэ аюулыг арилгахын тулд онцгой байдлын алба хаагчид амь биеэ хайрлалгүй тэмцэж байна. Тиймээс байгаль орчноо бодсон ч тэр, аюултай нүүр тулж буй олон хүний хөдөлмөрийг бодсон ч тэр аль болох анхаарал болгоомжтой баймаар юм.
Өөр нэг санаа зоноох асуудал нь химийн болон үйлдвэрийн осол нэмэгдэх хандлагатай болж. “Мах маркет”-ын байранд аммиак алдагдсан, “Богд ар” хорооллын орцонд мөнгөн ус асгарсан зэрэг ноцтой дуудлага ирэх болсон. Манайд энэ бэлтгэгдсэн мэргэжилтэн бий. Гэхдээ томоохон хэмжээний осол сүйрэл учирвал хүн хүч дутагдалтайг тэд сануулж байлаа.
Зөвхөн дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 1455 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 40 хүний амь насыг авч одсоноос гадна 7.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Ой хээрийн түймэр гэхэд 50 удаа гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар нэмэгдсэн дүн аж. Энэ бүх дуудлагад онцгой байдлын албаны 1435 аврагч, 273 машин ажиллаж, 509 хүнд анхны тусламж үзүүлэн 45 хүний амь насыг аварчээ. Зөвхөн ганцхан сарын нөхцөл байдлын мэдээ гэхэд сүрдмээр том тоонууд байгаа биз. Сая дурдсан эдгээр тоо онцгой байдлын алба хаагчид амралтгүй шахам хүнд нөхцөлд ажиллаж байгааг бага ч болов илэрхийлэх болов уу. Иргэд анхаарал болгоомжтой байвал осол гамшгийг үлэмж хэмжээгээр ууруулах боломжтой хэмээн эрэлхэг залуус хэлж байсныг эцэст нь сануулъя.