ӨМНӨХ ҮГ
Японд очих болгондоо би Кинокүнияа номын дэлгүүрээр ёс юм шиг ордог. Өнгөрсөн 2007 оны сүүлчээр Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тэнд очоод, Токио хотын төвийн дүүргүүдийн нэг Шинжюкүд байрлах тус номын дэлгүүрээр мөн л оров. Бидний айлчлалын үеэр долоо хоногийн сүүлчийн амралтын өдрүүд таарсан болохоор Кинокүнияад нэлээд завтайхан орсон л доо. Айлчлалын үеэр хоёр талын хооронд хөндөж ярилцах нийгэм, эдийн засгийн асуудлуудтай холбоотой ном товхимлыг сонирхож баахан босоо уншлага хийж байтал "номын дэлгүүр 22.00 цагт хаана" гэж зарлалаа. Тэгэхэд л орой болсныг анзаарч, цаг харвал 21.20 болж байв. Эргэн тойрноо харвал бараг л дүүрэн үйлчлүүлэгчид. Ихэнх нь залуу хүмүүс байх аж. Тэднийг харахад, "энэ орны иргэд, залуус унэхээр өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх юм даа" гэж бодогдож билээ. Ер нь л энэ оронд сурч, эндхийн бизнесийн болон төр, засгийн байгууллагатай хамтран ажилласаар ирсний хувьд ялангуяа Японы залуучууд өөрийгөө хөгжүүлэхэд маш их идэвхи, цаг зарцуулдгийг би нэгэнт мэдэх болсон хэрнээ номын дэлгүүрт үүнийг бас дахин мэдрээд аанай л бахархсан билээ.
Том орон гэж хүн ам ихтэй, эсвэл газар нутаг томтой ч юм уу, байгалийн баялаг арвинтай орныг хэлэх хандлага багасч байна. Ялангуяа даяаршлын энэ зуунд хүнийх нь хөгжлөөр, тодруулбал нэгж хугацаан дахь тэдний бүтээмжээр энэ хэмжээ яригдах болсон байна. Тиймээс өндөр хөгжилтэй, хөдөлмөрч ард түмэнтэй энэ орны зохиолчдын залуучууддаа зориулж бичсэн номоос эх хэл дээрээ орчуулж монгол залуу хүмүүсийн хүртээл болгох нь хамгийн хэрэгтэй юм байна гэсэн бодол тэр үед зурсхийж, нийгэм ба сурган хүмүүжүүлэх ухааны номуудыг үзэж байгаад энэ номыг сонгон авсан юм.
Монголдоо ирээд орчуулгын ажилдаа орлоо. Гэхдээ орчуулж эхлэхийн өмнө энэ номыг англи хэлнээс анх япон хэлнээ хөрвүүлж хоёр дахь удаагаа шинэчлэн гаргаад байгаа профессор Ватанабэ Шёоичи гуайтай харилцах шаардлага гарав. Ингэхийн өмнө анхны англи хэл дээрх эхийг олж үзэх хэрэгтэй боллоо. Тэгээд интернэтээр зохиогч Жон Тоддын нэрээр хайлт хийв. Ашгүй олдлоо. Номын нэр ч, анхны англи хэл дээрхи эх нь ч Канад улсын Торонто хотын нэгэн их сургуулийн цахим номын санд хэнд ч нээлттэйгээр байршиж байсан юм. Ингээд уг англи эх дээр нь суурилж, япон хэл дээрх орчин үежүүлсэн хувилбартай нь харьцуулан орчуулав. Энэ тухайгаа профессор Ватанабэ Шёоичи гуайд захидлаар мэдэгдлээ.
Ер нь сурган хүмүүжүүлэх болон философийн шинжлэх ухааны сэдэвтэй томоохон бүтээлүүд анх зохиогдсон цаг үеийнхээ онцлогтой гүн гүнзгий холбогдсон байдаг. Чингис хааны Монголын эзэнт гүрний үе, Грекийн үе, Ромын үе, Английн үе гэдэгтэй адил Америкийн үе ирлээ гэж яригдах болсон тэр л үед Жон Тоддын бүтээлүүд жинхэнэ хүчээ авч байсан байна.
Би урьд өмнө нь ном бичиж, орчуулж байгаагүй. Энэ ном миний анхны орчуулгын бүтээл. Харин уншиж судалсан гэвэл цөөнгүй бий. Ойр дотныхон, найз нөхдийнхөө дунд "номын хорхойтон" гэж нэрлэгддэгийнхээ хувьд миний сонгож орчуулсан энэ ном орчин үеийн залуучуудад зайлшгүй хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь хүн уураг тархиа хэрхэн хөгжүүлэх, яаж хамгийн шилдэг дадал, заншлыг эзэмших, бие хийгээд сэтгэлээ хэрхэн хатжуулах вэ гэдгийг ил тодорхой, бодит жишээ баримттайгаар туйлын энгийн агаад итгэл үнэмшилтэй өгүүлснээрээ онцлог, үнэ цэнэтэй бүтээл юм.
Хэрэв над дээр хэн нэгэн залуу ирээд, "надад хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл байна. Энэ бүхнээ хэрэгжүүлэхийн тулд би яаж өөрийгөө хурцалж, хэрхэн хөгжүүлж, ямар дадал заншлаар амьдрах ёстой юм бэ" гэж асуувал, би энэ номыг хэлж өгөх болно.
Номыг монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж олны хүртээл болгоход минь тусалж хамтран ажилласан нэрт орчуулагч Д. Төмөрбаатар, дүү Н. Батчимэг, орчуулгыг хянан тохиолдуулсан зохиолч, яруу найрагч Д. Энхболдбаатар нартаа талархал илэрхийлье.
2008 оны 3 - р сарын 1