Бизнес дэх төрийн оролцоог багасгах шаардлагатайг санууллаа
2017.04.25

Бизнес дэх төрийн оролцоог багасгах шаардлагатайг санууллаа

Хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүн, иргэд нийт 1000 гаруй оролцогч “Хөрөнгө оруулагч үндэстэн” хэрхэн болох талаар хэлэлцлээ. “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт Өмч хувьчлал, Дижитал зах зээл дэх Старт-Ап бизнесүүд, Технологи ба дижитал, Амжилттай хөрөнгө оруулалтын нууц ба зөвлөгөө зэрэг 10 гаруй салбар хэлэлцүүлгээр өрнөсөн юм.

Энэ үеэр дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид туршлагаасаа хуваалцаж, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, Швейцарийн “Аёуед Мападетеп! АО”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бруно Рашле оролцож, хөрөнгө оруулалтын сангийн баримталдаг зарчмууд, хөрөнгө оруулалт хүсэгчдэд тавьдаг шаардпагын талаар илтгэл тавьсан байна.

Монгол Улсын зах зээлийн хөгжил их хувьчлалаас эхэлсэн. Хөрөнгө, санхүүгийн мэдлэггүйн улмаас тухайн үед цөөн хүн хожиж, олонх нь үр шим хүртээгүй тухай гомдол одоо хэр нь өрнөсөөр байдаг билээ.

Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа өмч хувьчлалаас орлого олно гэж төлөвлөсөн нь бий.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

“Даяаршиж байгаа энэ нийгэмд Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж үр ашигтай байдлыг чухалчилбал хөгжинө. Миний хувьд эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоо хамгийн бага байх ёстой гэсэн байр суурьтай явдаг” хэмээн ярив. Мөн тэрбээр “Ирэх жилүүдэд явуулах өмч хувьчлалыг УИХ-д дахин оруулж батлуулахыг хүлээж байна ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил 100 тэрбум төгрөгийн орлогыг өмч хувьчлалаас олно гэж тооцсон. Үүнээс Төрийн банкны хувьчлалыг хассан байгаа” гэж ярив.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

“Монголд байгаа өмчүүдийг нэгтгэж балансын тооллого хийхэд 10 тэрбум орчим ам. долларын үнэлгээ гарсан. Энэ бол хамгийн багаар хэмжигдсэн үнэлгээ. Үүний өгөөжийг дээшлүүлбэл эдийн засаг маш хурдан өснө” гэлээ.

Түүний хэлж буйгаар цаашид эдийн засаг дахь төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгах ёстой аж. Мөн өмч хувьчлалын бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, иргэдэд үүгээр дамжуулж боломж олгох учиртайг сануулав.

Оролцогчдын хувьд төр өмчөө шаардлагатай цаг үед нь хувьчлахгүй дарсаар байгаад үнэгүйдүүлдэг алдаа байдагт санал нэгдэв.

Тухайлбал Уул уурхайн Эдийн засагч Л.Наранбаатар

“Өнгөрсөн жил “Монгол шуудан” компани тодорхой хэмжээний хувьцаагаа олон нийтэд гаргасан. 34 хувийг хувьчилснаар 90 сая төгрөгийн ашигтай ажилладаг, илүүдэл зардалтай байсан тус компани жилийн дотор 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадсан. Бизнесийн цэвэр өрсөлдөөнөөр ашигтай ажиллаж болохыг энэ компанийн хувьчлалаас харж болно” гэв.

Энэ үеэр “Эрдэнэс-Монгол" компанийн дэд захирал Г.Ганболд

“Нэгдүгээр улиралд “Эрдэнэс-Тавантолгой” компани 80 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүний 67 тэрбум төгрөгийг улсын төсөвт шууд төвлөрсөн. “Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажиллах зам руугаа орсон. Жилийн эцэст 260 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Ирэх жилээс компани иргэдийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг тараах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Иргэдийн хувьцааг бүртгэх, нэрийн данс нээх ажлыг хийж эхэлсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

“Төрд компани байх ёстой. Гэхдээ ямар компани байх ёстой вэ гэдэг улаан шугамаа тогтоох хэрэгтэй. Нүүрсээ Хятадын компанид зарахын тулд Засгийн газрын ажлын хэсэг ажилладгийг болиулмаар байна" гээд цаашид бизнесийн салбар дахь төрийн оролцоог багасгахыг хүссэн юм.