2017.04.17

Н.Учрал: Хөрсний бохирдолыг бууруулах инновацийн цоо шинэ шийдлийг туршиж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байгааг сануулан, өөрийн туршиж буй инновацийн шийдлийг дурьдсан юм. Туршилтын үр дүн амжилттай болвол хотын захиргаанд танилцуулах саналтайгаа хэллээ.

Тэрээр: "Аливаа зүйлд шийдэл гаргалгаатай байхын тулд хотын захиргаа Нийслэлийн үйлдвэр, технологийн  инновацийн газар байгуулсан юм билээ.

Тэд л ийм шийдлүүдийг хийж явах ёстой. Байгууллагын ажлын хоорондын уялдаа холбоо байхгүй, төлөвлөлтгүй байснаас болоод ийм хөрс, агаарын бохирдол тулгамдсан том асуудал болж хувирсан байна.

ялангуяа хотын хүн ам ихтэй, алслагдсан дүүргүүдэд анхаарлаа хандуулж, энэ дүүргүүдээс эхлэн хотын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж эхлэхгүй бол нөхцөл байдал хүндэрсэн байна. Өвөл болохоор л утаа униар гээд сандардаг. Гэтэл зуны улиралд хөрсний бохирдол үнэхээр их газар авж байна. " хэмээн салбарын удирдлагад анхаарууллаа. 

Мөн жил болгон зөвхөн дахин төлөлвлөлт ярьж тодорхой үр дүн үзэлгүй суухын оронд энэ мэт инновацийн шинэ шийдэл гаргаж, эрдэмтдээ дайчилж үзэх хэрэгтэй хэмээн уриаллаа.

Түүний хариуд хотын дарга С.Батболд Н.Учрал гишүүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд: 

"Бид энэ гэр хорооллыг барилгажуулах асуудлыг 3 бүсэд хуваан шийдэж байна. Нэгдүгээрт, Бидний 3 хувааж байгаа энэ талбарын нэгт өндөр давхартай орон сууцны нягтаршуулсан хорооллыг барина. Түүний дараагийн бүсэд үйлчилгээний төвүүдийг байгуулна. Энэ бүс нь 200-500 айлын дунд дулаан, цахилгаан, цэвэр усны асуудлыг шийдсэн бүс болгоно. Түүний дараагийн бүс буюу алслагдсан бүсэд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү оруулна. Түүнд цэвэр, бохир усаа зайлуулсан бие даасан системтэй байлгахаар хотын гэр хорооллыг 3 хувааж төлөвлөж байна.

Хөрсний бохирдолын тал дээр Н.Учрал гишүүний гаргаж байгаа санаачилгыг дэмжиж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Японы компаны саналаар яг тийм газ үйлдвэрлэдэг технологийг нэвтрүүлэхээр туршиж байгаа.

Энэ мэтийн шуурхай арга хэмжээнүүдийг зэрэг зэрэг авч явахгүй бол 21-р зуунд Улаанбаатар шиг бохиртойгоо зууралдаж байгаа хот байхгүй болсон" хэмээлээ.