Монголын бизнесийн орчны талаар зөвлөлдөнө
Монгол Улсад худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит сарын хурал энэ сарын 17-нд болно.
Уг хуралдаанд МБЗ-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, ажлын хэсгийн дарга Даниел Махони, Монголын аутизмын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Амарбуян нар оролцоно.
Сарын хурлын үеэр А.Амарбуян “Аутизмийн эсрэг 4 дүгээр сар: Бид хэн бэ, Бид юу хийдэг вэ, Бид яагаад хийдэг вэ?” сэдвээр илтгэл тавих юм. Уулзалтын төгсгөлд “Монгол Улсын бизнесийн орчинд хувь нэмэр оруулахад Олон улсын холбооны хувь нэмэр” нэртэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр боллоо.
Хэлэлцүүлгийг Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион даргалах бөгөөд Монголд суугаа Канадын Элчин сайд Эд Жагер, Германы Элчин сайд Стефан Дуппел, Японы Элчин сайд Масато Такаока, АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт нар оролцох юм. Өнгөрсөн сард тус Зөвлөлд 4 байгууллага шинээр элссэн бөгөөд сарын хурлын эхэнд компанийхаа үйл ажиллагааг танилцуулна. Үүнд
- “PERNOD RICARD” компанийy албан ёсны дистрибьютер болох CRM ХХК
- Галын аюулгүй байдлын хамгийн анхны бөгөөд мэргэжлийн компани болох "Гал Импекс ХХК"
- Монголын анхны дижитал контент компани болох "Монгол контент"
- Шуудангийн салбарын тэргүүлэгч компани болох "Монгол шуудан"