ОУВС-гийн нэрээр 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг АН-ын бүлэг эсэргүүцэж байна
2017.04.04

ОУВС-гийн нэрээр 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг АН-ын бүлэг эсэргүүцэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ удаагийн төсвийн тодотгол бусад төсвийн тодотголоос ялгаатай. Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тавьсан нөхцлийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байгаа юм. Чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллах үед ОУВС-гийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.

АН-ын бүлэг хуралданаараа ОУВС-гаас тавьсан нөхцлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой. Ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ иргэдээс авах татварыг нэмсэн хэрнээ төрийн зардлыг улам бүр нэмэгдүүлж оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа.

Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй, ОУВС-гийн нөхцлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.долларын өр тавина гэвэл Ардчилсан нам үүнийг эсэргүүцэж өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина.

Эрх баригчид 2016 оны сонгуулиар Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, цаашид өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч гарч ирсэн. Тиймээс МАН ОУВС-гийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг АН-ын бүлэг эсэргүүцэж байна” гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан байна.

Татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн юм биш үү. Танай нам эрх барьж байхдаа эдийн засгийг сүйрүүлсэн?

Ардчилсан нам улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ.

Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсийн үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.

Зээл авахыг та бүхэн эрх баригч хүчин байхдаа зөв гэдэг байсан шүү дээ. Одоо болохоор яагаад болохгүй гэж?

-Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгааг бурутгаж байгаа. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байгаа.

Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг бид 5 хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл Хуралдай гээд байгаа өр дарах процесс нь өөрөө 3 хувийн нэмэгдэлтэй явчихлаа.

Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа. Төсөв мөнгөний бодлогоор Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй.

580 сая ам.долларын Евро бондоор танай Засгийн газар юу хийсэн бол. Нэг ч төгрөг үрэхгүйгээр шилжүүлсэн гэдэг?

580 сая ам.долларыг ипотекийн зээл, зарим нэг бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан.

Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?

Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 2 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.

Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?

ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан.

Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд.