УИХ-ын дарга М.Энхболдын Япон улс дахь айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал гурван хоног үргэлжилж өндөрлөлөө.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2017 оны 03 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. Улсын Их Хурлын даргын Япон Улсад ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2016 оны 03 дугаар сарын 27. Даваа гараг
Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2016 оны 03 дугаар сарын 28. Мягмар гараг
Т.Оошима: Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзлаа. Уулзалтуудаар хоёр тал парламент хоорондын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай хийсэн уулзалтынхаа эхэнд ноён Т.Оошимагийн урилгаар албан ёсны айлчлал хийж буйдаа талархал илэрхийлээд, манай улсын гуравдагч хөрш Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг хэмээн онцлон тэмдэглэлээ.
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2011 онд Японд тохиосон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын ард түмэн бидэнд чин сэтгэлийн тусламж үзүүлсэн. Энэ сайхан сэтгэлийн дэмжлэгийг Та Шадар сайдын хувьд зохион байгуулж байсан. Дараа нь Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Та ахалж байсан. Тиймээс манай төр засаг, ард түмэн Танд ямагт гүн хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы Засгийн газар, ард түмэн, түүний дотор Парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно гэлээ.
Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ хоёр орны найрсаг харилцааны гүүр нь залуус байх болно гэдгийг онцоллоо
Ноён Ч.Датэ 11 жилийн өмнө М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад нь Японд уулзаж байснаа тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлалын хүрээнд дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улс ардчиллын зарчмаар замнаж эхэлснээс хойш 26 жил өнгөрч эрх чөлөө, энх тайван, ардчиллыг эрхэмлэж, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим манай хоёр орны харилцааны үндэс суурь болсоор байна” гэж онцлон тэмдэглээд, УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэтай уулзлаа
Ноён Ц.Такэбэ манай улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарын саналаар Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажиллах болсноо УИХ-ын даргад дуулгаад “Консулаар томилогдоод би юу хийх вэ, ямар чиглэлээр ажиллах вэ гэж удаан бодсон. Тэгээд хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж үзсэн” гэж хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хооронд, иргэд, байгууллагын түвшинд гээд олон чиглэлд, цөөнгүй жил маш идэвхтэй ажилласаар ирсэн Танд Монголын төр засгийн байгууллага, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гээд Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт орон нутгаас зөвхөн Хоккайдо, Монголын хамтын ажиллагааны асуудал туссан нь Таны идэвх чармайлтын нэгэн илэрхийлэл юм. Хоккайдо муж цаг агаар, байгаль орчны хувьд Монголтой төстэй. Тиймээс энэ нутгийнхны мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон бусад туршлага бидэнд чухал” гэлээ.
Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.
Уг Санамж бичигт Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн бусад зах зээл болох даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлууд тусгалаа олжээ.
УИХ-ын дарга М.Энхболд томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхийн чухлыг онцлов
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ өдөр Японы парламентын Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки тэргүүтэй тус бүлгийн гишүүд бараалхлаа.
Бүлгийн дарга М.Ямазаки “Манай бүлэг Улсын Их Хурал, түүний гишүүд, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид харилцаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байх болно” гэж уулзалтын эхэнд онцоллоо. Тэрбээр Монгол Улсад тохиогоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсөв санхүүгийн шинэчлэл хийх чиглэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт тавьж буйг бид мэдэрч, ойлгож байгаа. Саяхан ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь чухал алхам боллоо гэв.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалахлаа
Ноён Ш.Абе айлчлалын хүрээнд гарын үсэг зурах Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас санхүүгийн бодит дэмжлэгийг нэн хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Улаанбаатарт болсон АСЕМ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Таныг оролцох үеэр бид уулзаж байсан. Тэр үеэс хойш манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Дөрөвдүгээр сарын 05-нд УИХ-ын чуулган нээгдэнэ. Чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Уг асуудлыг дөрөвдүгээр сарын 12 гэхэд батлах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар санхүүгийн бодит дэмжлэгийг нэн хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.
Дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов
Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав.
Ноён Я.Шиозаки “Дадлагажигч ажилтан ажиллуулах төслийг анх хэрэгжүүлсэн хүний нэг нь би юм. Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно. Манай тэтгэврийн сан энэ төрлийн хувьд дэлхийд томд орно. Япончуудын тэтгэвэрт гараад сайн сайхан амьдрах баталгааг хангахад зориулагдах учраас сангийн аливаа үйл ажиллагаа япон хүний эрх ашигт нийцэж байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмын дагуу эрсдэлгүй, үр ашигтай зүйлд ашиглагдах ёстой гэж хуульчилсан байдаг. Гаднын үнэт цаас худалдан авахаар болбол хөгжиж буй орны хувьд Дэлхийн банк зэрэг байгууллагаар дамжуулан баталгаа гаргуулж, тусгай сан үүсгэх маягаар ашиглаж болох юм” гэж ярилаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2016 оны 03 дугаар сарын 29. Лхагва гараг
Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд энэ өдөр Японы ардын дипломатуудын нийгэмлэг (FEC)-ийн удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Нийгэмлэгийн ерөнхийлөгч К.Мацузава “Монголыг сонирхогч бизнесийнхэн, нийгмийн зүтгэлтнүүд Японд олон байдаг. Тэдний төлөөлөл болсон хүмүүс энд ирээд байна. Манай нийгэмлэгийнхэн Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөөх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах чин сэтгэл өвөрлөж явдаг” хэмээн онцлоод “Монголчууд бол бидний анд найз төдий хүмүүс биш, хамаатан садан, ахан дүүс шүү” гэлээ.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав
Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав.
УИХ-ын дарга М.Энхболд “Дөчин таван жилийн түүхтэй Монгол, Японы хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй чухал үйл явдал өнөөдөр болж байна. Хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан энэхүү Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал тавьж ажиллах болно” гэсэн бол ноён Ф.Кишида “Монгол, Японы хамтын ажиллагааны ойрын 5 жилийн зорилго, чиглэлийг тусгасан Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсандаа баяртай байна. Хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийг энэхүү баримт бичгээр дахин нотоллоо” гэв.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.