Хөрсний бохирдлыг бууруулах талаар шийдэл эрэлхийлж байна
Ариун цэврийн байгууламжийн олон янзын технологи байгаа хэдий ч иргэд тэр бүр хэрэглэхгүй байгаад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэг талаар эмзэглэж, нөгөө талаар шүүмжлэлтэй ханддаг.
Зурагтаа үзэхийн тулд агаарын олон сувагт төрөл бүрийн тавган антенн худалдан авч, байшингийнхаа дээвэр дээр суурилуулдаг атлаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, цаашлаад хүн амын эрүүл мэндэд тустай боломжийн өртөгтэй технологиуд худалдан авахдаа иргэд хойрог ханддаг.
Төр засгийн түвшинд анхаарч, хувийн хэвшлийнхэн санаачилга гаргаж байгаа ч хөрсний бохирдлын гол эзэн болох нүхэн жорлон байсаар байна. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан анхаарч байна.
Азийн хөгжлийн банкны дэргэдэх Шингэн хог хаягдлын мэргэжилтэн Пиер Донатитай уулзах үеэр
Энэ хүрээнд тэрээр Азийн хөгжлийн банкны дэргэдэх Шингэн хог хаягдлын мэргэжилтэн Пиер Донатиг хүлээн авч уулзсан бөгөөд гэр хорооллын айл өрхөөс хамгийн гардаг хог болох үнсийг өтгөн, шингэнийг халдваргүйжүүлэх, биожуулахад ашиглаж болох талаар ярилцжээ. Тиймээс үнс ашиглан технологийн шийдэл гаргаж болох талаар эрдэмтэн, судлаачид, үндэсний үйлдвэрлэгчидтэй ярилцаж болох юм гэж талууд үзсэн байна.
Энэ нь ойрын хугацаанд, тэр дундаа дулааны улиралд хөрсний бохирдлыг бага ч болов арилгах шийдэл байж болох ч цаашид агаар болон хөрсний бохирдлыг нэг мөр шийдэж, нүхэн жорлонг халах хэрэгтэй болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ.