Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулна
2017.03.21

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулна

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт өртгийг 76.9 сая ам.доллартай тэнцэх төгрөг  байхаар гэрээлжээ.  Гэрээгээр хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017-2019 оны хооронд хийх, автозамыг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар тохирсон байна. Гэвч “Эрдэнэ зам” ХХК  тус төсөлд оролцохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээлж, концессын давхар гэрээ байгуулжээ. Одоо хоёр компанийн хоорондын маргаан шүүхийн шатанд явж байна.

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд оролцохоор байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг  цуцалж, маргааныг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад үүрэг болголоо.

Мөн тус чиглэлийн замын төсөлд оролцохоор “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг шинээр сонгох, дүгнэлтийг хамт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.