С.Эрдэнэ: Хуучин ҮЗХ тарсан
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2017.03.17

С.Эрдэнэ: Хуучин ҮЗХ тарсан

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болохтой холбогдуулж, өнөөдөр/2017.03.17/ тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 15-нд 00.00 цагт дууссан.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр, аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад 52 хүн өрсөлдөхөөр тус бүр бүртгүүлжээ.

Нэр дэвшигчид сурталчилгаагаа нэг өдөр буюу энэ сарын 21-нд эхлүүлж, 31-нд хаах юм байна. Сурталчилгааны хугацаа 11 хоног үргэлжилнэ.

Дээрх мэдээллийн дараа Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй. Гэтэл энэ удаад Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг санал хураалтаар тодруулна гэхээр хуучин дүрэм үйлчлэхгүй болж, зөрчил үүсэж байгаа биш үү? 

-Ардчилсан намд өнөөдөртөө хуучин, шинэ гэдэг дүрэм байхгүй. Сая Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэм бол нэмэлт өөрчлөлт.

Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрэм бол шинэчилсэн найруулгын хэмжээнд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байгаа.

Шинэ, хуучин дүрэм гэж яриад байгаа Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу VIII их хурлаар шинэ дүрмийг батална.

Ардчилсан намын үндсэн дүрэмд байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн гэдэг тоо квот, дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо тогтоодог дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаад явж байгаа.

-Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргэсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн ямар заалт нь Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын дүрмийг зөрчсөн юм бэ. Энийг заалт бүрээр нь тайлбарлаад өгөөч. Танай намын гишүүдэд ч энэ талаар мэдээлэл алга?

-Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуух тогтоол нь одоогоор ирээгүй байна. Ямар үндэслэлээр татгалзсан бэ гэдэг тогтоол ирсний дараа мэдээлэл өгч болно.

-Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлага байна гэж танай намын гишүүд үзэж байгаа, тус хурлыг зарлах уу?

-Өнөөдөр Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй. Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр.

Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь их хурал. Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй.

Түүнийг намын аль нэг шатны байгууллагын шаардлагаар хуралдуулах эрх байхгүй.

-Дотоод сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүдээс хэдэн төгрөгийн дэнчин, хураамж, намын дансанд төвлөрсөн бэ?

-Одоогоор санхүүгийн эцсийн тооцоо гараагүй учраас хэлэх боломж алга. Шилэн гэж яриад байгаа боловч эрх барьж байгаа нам нь, төрийн бүх шатны байгууллага нь Шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй хаалттай байна. Ийм цаг үед ганцхан Ардчилсан нам шилэн байх ёстой гэж болохгүй.

-Дотоод сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарна гэж урьдчилсан байдлаар тооцсон бэ?

-Ардчилсан намын дэнчин, хураамжийн хэмжээ бүх юм ил тод байгаа.

Мөн 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан ил тод байгаа. Улс төрийн нам дотроо нээлттэй нам бол Ардчилсан нам.