Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалт болно
2017.03.14

Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалт болно

"Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс" сэдвийн хүрээнд Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн 1,000 төлөөлөгч 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордны Их танхимд чуулах гэж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва болон чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва "ХБНГУ-д сургууль төгссөн 35,000 хүн байдаг. Үүнтэй холбоотой бид 1,000 Германд сургууль төгсөгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа юм.

Энэ арга хэмжээнд мөн өдрүүдэд ХБНГУ-ын Засгийн газрын хэмжээний айлчлалын хүрээнд хүрэлцэн ирэх Германы эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй, Засгийн газар, муж улсын захирагч, хувийн хэвшлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн оролцож байгаа нь онцлог. Германы төлөөлөгчдийг оролцож байх 2 цагийн хугацаанд бид бүх илтгэл, асуулт, хариултаа Герман хэл дээр явуулна" гэлээ.

Энэхүү чуулга уулзалт нь Герман-Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж байгаагаараа мөн онцлогтой юм байна.

Чуулганд оролцох хүсэлтэй Германд улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төлөөлөгчид Монгол-Германы Гүүр ТББ-тай /Утас:11 315990/ холбогдон бүртгүүлж тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг энэ үеэр уриаллаа.