УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, А.Ундраа нар Канадын Элчин сайдтай уулзлаа
2017.02.24

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, А.Ундраа нар Канадын Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жейгар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, эрхэм Элчин сайд Эд Жейгарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хоёр орны найрамдалт харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэн Канад Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес, эдийн засгийн харилцааг улам хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Эд Жейгар хэлсэн үгэндээ, “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа олон салбарт хөгжиж байна, тэр дундаа уул уурхайн салбарыг нэрлэж болно. Бусад салбарт Канадын хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг бид судалж байна. Нааштай үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас бид чадах бүхнээ хийх болно” хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлт Элчин сайд Эд Жейгар хоёр орны найрсаг харилцаа урьдын адил үргэлжилнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн, Монголын ард түмэнд цагаан сарын мэндийг дэвшүүллээ.