О.Алтансүх: Хүн бүр хүүхдийн өмнө хуулиар үүрэг хүлээдэг
2017.02.16

О.Алтансүх: Хүн бүр хүүхдийн өмнө хуулиар үүрэг хүлээдэг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

Хүүхдийн төлөө үндэсний газрыг өөрчлөн зохион байгуулснаар хүүхдийн асуудал орхигдож байна гэсэн шүүмжлэл байна?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газрын суурин дээр УИХ-ын  тогтоолоор байгуулагдсан.

Өмнө нь хүүхдийн чиглэлээр 35 хүн ажиллаж байсан бол одоо гэр бүл, хүүхэд, залуучууд гээд хүн амын бараг бүх бүлэгтэй яг энэ бүтэц, орон тоогоор ажиллахыг Засгийн газраас шийдвэрлэсэн.

Олон хүн хүүхдийн чиглэлээр ажиллах хүний тоо буурсанд сэтгэл дундуур байгаа хэдий ч хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг гэр бүлд суурилсан хэлбэрээр, “гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал” гэсэн ойлголтыг товойлгож байгаараа онцлог юм.

Аливаа хүүхэд гэр бүлийн орчинд яаж аюулгүй, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх вэ? Энэ асуудалд эцэг эх, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгуулагууд, багш, нийгмийн ажилтнууд, бүх шатны төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээс бидний ажлын үр дүн ихээхэн шалтгаална гэсэн үг. Хариуцлага, чадварлаг зохион байгуулалт шаардах болж байна.

Хүүхэд хамгааллын салбарт асрамжийн газрын, орон гэргүй хүүхэд гээд асуудал маш их бий. Бодлогын төвшинд хийж хэрэгжүүлэх, цэгцлэх ажлаа эхэлсэн үү?

-Асрамж халамжийн төвүүдэд өнөөдрийн байдлаар 1070 орчим, сүүлийн тоон мэдээллээр хараа хяналтгүй 100 орчим хүүхэд, 90 гаруй мянган  хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. 10417 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

Тэдгээрээс 4410  нь сургуульд суралцахгүй байгаа. Эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөл хүчин зүйлийг бууруулах чиглэлээр дорвитой ажиллах хэрэгтэй байна. Нэг жишээ дурьдая.

Нэг суманд 0-17 насны 1202 хүүхэд байхад аав, ээж нь архинаас хамааралтай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эрсдэлт нөхцөлд байгаа 55 хүүхэд байна гэсэн судалгаа гарсан. Тухайн сумын нийт хүүхдийн 4.5 хувь эрсдэлт нөхцөлд амьдарч байна. Энэ тоо хотод 10 орчим хувьтай байгаа юм. 

Тиймээс цаашид эрсдэлт нөхцөлд байгаа 10 хувийг хамгаалж, нөхцөл байдлыг дээрдүүлэх талаар ажиллана. Хамгийн чухал нь үлдсэн 90 хувийг эзэлж буй хүүхдүүдийн хөгжил, хүмүүжлийн асуудалд анхаарах цаг болжээ.
Хүүхдийг хөгжүүлэх гарц гаргалгааг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Хуучин системийн үеийн нэг давуу тал нь боловсрол, хүмүүжил гэсэн хоёр дугуйтай байсан. 

Бид одоо академик боловсрол эзэмшүүлж  байгаа ч хүмүүжил олгож чадахгүй байна. Японд яаж хүнд талархлаа илэрхийлж, хамт олныхоо төлөө хэрхэн ажиллах вэ гэдгийг зааж, хүн болох талаас нь бэлтгэдэг. 

Манай улсад өдөрт 10-13 гэр бүл салж байгаа нь сэтгэл хирдхийлгэм тоо.

Үүний уршгаар гарч байгаа үзүүлэлтүүд маш хүнд. Шүүхээр тэтгэмж тогтоолгосон эцгүүд тэтгэмжээ төлөхгүй байна. Энэ бүхний ачаа ээж, хүүхэд дээр ирнэ.

Тиймээс гэр бүл дэх хүүхэд хамгаалал, гэр бүл төлөвлөлтийн асуудал гэсэн том асуудал руу орж байгаа биз. Мөн энд нэг зүйлийг тэмдэглэхэд гадны туршлагыг хуулаад нэвтрүүлдэг байдал Монгол хүүхэд, монгол философитой хэрхэн зохицох вэ. гэдэг бол том асуудал.

Тиймээс “Хүүхэд ба Шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, хүүхдийг гэр бүлд нь хэрхэн хүмүүжүүлэх талаар МУБИС-ийн багш нартай ажиллаж байна. Түүнчлэн түүх шастирт Монголчууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг байсан тухай товхимолыг Боловсролын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бэлтгэхээр ажиллаж байна.

Үүнийгээ эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан онлайн ном, гарын авлага болгоно. Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол арга ухаан, хү­мүүж­лийн эерэг аргуудыг нэвтрүүлсэнээр хүүхдийг гэр бүлд нь хамгаалж, хөгжүүлэх гол суурь болно гэж харж байгаа.

Асрамжийн төвүүдийн нөхцөл байдал өнөөдөр ямар төвшинд байна вэ. Юунаас ажлаа эхлэв?

-Тэдэнд төрөөс үзүүлж буй тэтгэмжийг жигд, нийгмийн хамгааллын үйлчилгээг ялгаварлалгүй хүргэхээс ажлаа эхлүүлж байна. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын тушаалаар асрамж халамжийн газарт амьдарч байгаа хүүхдүүд нөхцөл байдлыг үзэж танилцах ажлын хэсэг дүнгээ гаргасан. 

Эдгээр хүүхдүүдийн 30 орчим хувь нь хүүхдийн мөнгөө авдаггүй, 70 орчим хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ аваагүй байдалтай байна.

Энэ мөнгө нь тэднийг 18 насанд хүрээд, амьдралын гараанд гарахад нь хуримтлал болох ёстой. Тэжээгчээ алдсаны мөнгө, хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь тухайн хүүхдийг эцэг эхгүй гэдгийг тодорхойлохын тулд хуулийн дагуу хоёр жил болдогтой холбоотой юм байна. Хүүхэд хамгааллын ажил хүртээмжтэй, нягт уялдаатай, нэгдсэн зохион байгуулалттай байх ёстой. Эрсдэлд орж хамгаалах шаардлагатай болсон хүүхдүүдийг асрамж халамжийн төвд хувиарлахаас өмнө бичиг баримтыг нь бүрдүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээ авах тогтолцоо, мэдээллийг нэг урсгалд оруулах хэрэгтэй байна.

Эмх замбараагүй явж ирснээс хүүхдүүд төрөөс үзүүлж байгаа тэтгэмжийг авч чадахгүй нөхцөл үүссэн байна. Тиймээс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийг гол зохицуулалт дээр нь ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ төв өөрийн хамгаалах байранд ирсэн хүүхдийг 72 цагийн дотор хүүхдийн талаар ирүүлсэн тодорхой мэдээллийг судалсны дараа цаашид ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэдэг байхаар төлөвлөж байна. 

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, халамж, сургуулийн нийгмийн ажилтан, асрамж халамжийн төвүүдийг холбосон нэгдсэн бүртгэлийн систем хийж байна.

Үүн дээр нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх хамтарсан багийг чадавхижуулсанаар том ахиц гарна гэж тооцож байгаа. Хүүхдийн асрамж, халамжийн 36 төвөөс хүүхэд асарсаны мөнгө авсан хоёрхон төв байна. Үүнийг цэгцлэхээр Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг гаргасан. Цаашлаад асрамж халамжийн байгууллагуудад ажиллаж байгаа ажилчдын статус тодорхойгүй. 200 орчим хүний эрх ашгийг хамгаалах чиглэлд ажиллах шаардлагатай болж байна. Энэ салбарт ажиллагсад тэтгэвэр тогтоолгохдоо хохирдог тохиолдол байна.

-Хүүхдийн зуслангийн тухай тэр бүр хөндөгддөггүй?

-Орон нутгийн зуслангуудын үйл ажиллагаа хүнд байдалд байна. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт томоохон зорилт тусгагдсан. Зуслангууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа ч хүүхдийг хөгжүүлж чадаж байна уу гэдэг асуудал ихээхэн яригдаж байна.

Энэ талаар “Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  Жишээлбэл, Найрамдал зусланд өнгөрсөн гурван жилд 40 гаруй мянган хүүхэд амарсан. Нэг хөтөлбөрөөр олон жил болоход тэнд 3-4 удаа очсон хүүхдэд нэг хэвийн, уйтгартай байна. Зусланд хүүхэд хөгжүүлэх асуудлыг эргэн  харах цаг болсон. Энэ мэтчилэн шийдвэрлэх, цэгцлэх ажлууд байна. 

Унаач хүүхдийн эрхийг хамгаалах ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг олон нийт шүүмжилдэг. Тэдний эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Хөдөлмөрийн сайдын тушаалаар өвлийн улиралд хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон. Хориглосноос бусад хугацаанд хүүхэд хурдан морь унахдаа бол заавал хамгаалах хэрэгсэлтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Энэ бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

Аймаг дүүрэг гээд холбогдох бүх шатны хүмүүстэй тогтмол холбогдож ажиллаж байна. Иргэдийн хяналт чухал байна.

-Манай сонин саяхан “Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ” гэсэн сурвалжлага нийтэлсэн. Энэ асуудлын гарцыг юу гэж харж байна вэ?

-Аливаа хүнийг ах эгч, хамаатан садан гээд харж хандах хүмүүс цөөнгүй. Гэтэл асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүдийг төр л хамгаална.  Намайг ажил авахад хүүхэд хөгжлийн “Өнөр бүл” төвийг төгсч гарсан хүүхдүүдийн талаар тоймтой судалгаа байгаагүй. Тэгээд судалгаа гаргах үүрэг өгсөн.

Нийт 517 хүүхдийн нэр гаргасан байна лээ. Төгсөгчдийн амьдрал сайнгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн. 18 настай хүүхэд бие дааж амьдрахаар гарахдаа тодорхой хуримтлалгүй, амьдрах чадвар боломжоор дутмаг байгаа нь эндээс харагдсан. Цаашид 21 нас хүртэл нь асарч хамгаалах чиглэлээр судлах шаардлагатай. Тодорхой тоо ярихад өнгөрсөн жил асрамж, халамжийн төвөөс 61 хүүхэд 18 нас хүрээд гарсан байгаа юм.

Тэдний 27 нь хувийн асрамжийн төвдүүдэд үргэлжлүүлээд амьдарч байна. Зарим төгсөгчид нь их дээд сургуулийн байрандаа амьдарч байна. Эдгээр хүүхдүүд хамгийн гол нь ямар ч хуримтлал, хөдөлмөрийн чиг баримжаагүй төгсч байгаа нь сэтгэл түгшээж байгаа юм. Тиймээс амьдрах хугацаанд нь төлөвшүүлж, заавал тодор­хой хуримтлалтай амьд­ралд гаргах чиглэлээр ажиллана. 

Танай байгууллага саяхан угийн бичиг хөтлөх талаар нэлээд том хэмжээний арга хэмжээ зохион байгуулсан. Учир холбогдлыг нь таниулбал?

-Угийн бичиг хөтлөхгүйгээс болж цус ойртолт аюултай төвшинд хүрсэн гэдгийг эрдэмтэд ярьж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тодорхой зорилт тусгасан. Саяны уулзалтаар сайхан жишээ зөндөө байсан. Баянхонгор аймгийн Богд сум гэхэд сумынхаа угийн бичгийг хийсэн байх жишээтэй.

10 гаруй үе хүртэл уг удмаа мэдэж хөтөлсөн хүмүүс ч цөөнгүй байна. Үүний цаад учир шалтгаан нь угийн бичгийг гэр бүл төлөвлөлтөд ашиглах шаардлагатай байгаа юм.  Угийн бичигтэй холбоотой асуудал бол өнөөгийн эцэг, эхчүүдийн үр удамдаа залгуулах хамгийн нандин зүйл. 

Энэ нь эцэг эхээс хүүхдийнхээ өмнө, ураг удмынхаа өмнө хүлээсэн эрхэм үүрэг.  Энэ арга хэмжээ орон нутагт ч үргэлжилнэ. Гэр бүл төлөвлөлт цаанаа нарийн учир шалтгаантай гэдгийг залуучуудад ойлгуулах хэрэгтэй. Гэр бүл болох­доо зөв төлөвлөдөг бай­гаа­сай гэж хүсэж байна.