Ц.Даваасүрэн: Мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус багаар салбараа удирдуулж улс орноо хямрууллаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.02.15

Ц.Даваасүрэн: Мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус багаар салбараа удирдуулж улс орноо хямрууллаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлпаа.

-Өнгөрсөн долоо хоногт чуулган хаалттай хуралдсан. Хуралдааны үеэр ямар асуудал ярив?

-Цаг үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Хаалттай, нууцын зэрэглэлтэй хуралдсан учраас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм даа.

-Чуулганыг хаалттай хуралдуулж улс оронд тулгамдаж буй асуудлаа ний нуугүй яримаар байна гэх санал гишүүдээс гарч байсан. Хаалттай хуралдаанаар чухал асуудлууд дээр тогтсон шийдэлд хүрч чадав уу?

-Нийтэд дэлгэх боломжгүй, нууцын зэрэглэлтэй мэдээлэл солилцох талаасаа л хаалттай хуралдсан нь ач холбогдолтой юм болов уу. Түүнээс биш шийдэлд хүрэх, шийдвэр гаргах талаасаа өмнөх хаалттай мэдээллүүдээс нэг их ялгарах зүйл гарсангүй. Ер нь болохгүй байгаа зүйлээ, юунаас болоод ийм байдалд хүрчихсэнээ улстөрчид бараг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Бидний нэг дутагдал бол цөөнх байх үедээ иймэрхүү асуудлаа ухаарсан мэт сэдэв болгож ярьчихаад олонх болж эрх мэдэлд хүрчихээд мартчихдаг явдал юм. Үүнийг л засах ёстой. Амласнаа биелүүлдэг, хариуцлагатай улс төрийн хүчин байх, амласныг нь мартахгүй, хариу нэхэж хариуцлага тооцож чаддаг олон нийт байж чадвал биднээс хямрал холдоно. Бид чинь баян орны иргэд шүү дээ. Манайд энэ бүгдийг зөв чиглүүлээд авч явах, чадварлаг төр л дутагдаад байна.

-Хаалттай чуулганаар Таван толгойн асуудал яригдсан уу. Мөн ирэх сард төлөх Хөгжлийн банкны өрийг хэрхэх талаар юу ярив?

-За ер нь одоо яригдаж буй асуудлууд бүгд л ямар нэг байдлаар хөндөгдсөн. Таван толгой бол улс орон цаашид мөнгөтэй байх уу, үгүй юу гэдэг л асуудал юм. Тиймээс одоо хэвлэлээр гараад байгаа шиг аль нэг гадны компанийн мэдэлд Таван толгойнхоо хувийг шилжүүлээд Оюу толгойн өмнөх түүхийг давтах шийдвэр одоогийн УИХ-аас гарахгүй. Сайхан болно гэдэг аман мэх итгэл төрүүлэхгүй болсон байна.

Оюу толгой үнэнд гүйцэгдэж гадаадын хөрөнгө оруулалтыг бодит үр ашгаа өгөх талаас нь иргэд, улстөрчид маань хардаг болжээ. Зөв менежмэнт хийгээд явбал одоогийн яригдаад байгаа өр чинь манай улсын байгалийн баялагтай харьцуулахад өчүүхэн жаахан хувь эзэлнэ. Жишээ нь, чи бид хоёрын хөндөөд байгаа Таван толгой гэдэг ганцхан ордын 10 хувиар л төлчих боломжтой. Ирэх дөрөвдүгээр сараас Таван толгой Хятадын “Чалко” компанийн өрийг төлж дуусаад бусад өрөө төлөхөд хувь нэмрээ оруулж эхэлнэ. Тиймээс хэрхэвч Таван толгойгоо төрөөс салгаж болохгүй.

-Ер нь цаашид чуулганыг хаалттай хуралдуулж болох уу. Камерын өмнө асуудалд бодитоор хандахгүй, ард түмэнд таалагдахын тулд ярьдаг биз дээ?

-Өнөөдөр тухайн хүн ард түмэнд таалагдах гэж популизм хийгээд байна уу, эсхүл үнэн сэтгэлээсээ тийм зүйл яриад байна уу гэдгийг ялгаж салгахад хэцүү болсон байна. Үүнийг цаг хугацаа, амьдрал л шүүдэг. Богино хугацаанд, тэрүүхэн агшинд тухайн хүний үнэн, худал ярьж буйг ялгахад хэцүү. Энэ нь даамжирсаар нэг аюул дагуулж байна. Юу вэ гэвэл улс орон, олон түмнээ гэсэн асуудлуудыг “поподлоо" гэж хүчийг нь сулруулдаг болсон. Чуулганыг хаалттай хуралдуулахын тухайд бол байнга биш юм гэхэд зарим чухал асуудлаар хаалттай хуралдуулахад буруу зүйл байхгүй. Ер нь бол хаалттай, нээлттэй хуралдуулахдаа биш юм.

Асуудалд хэрхэн хандаж, сэтгэл гаргаж байгаагаас л шийдэл, үр дүн нь шалтгаалдаг. Жишээ нь, зарим нэг жаахан хэргийг дуулиан болгоод л улс төрийн зорилгоор шалгадаг мөртлөө хэдэн арван сая ам.доллар, байр хаусын тухай сонсоогүй юм шиг өнгөрөөж байна. Энэ чинь л цаашид улс орны эрх ашиг дахин хохирох нэг хүчин зүйл болж үлдэнэ шүү дээ. Төр маань бодит байдал дээрээ олон түмний нийтлэг эрх ашгийн төлөө байна уу, эсвэл цөөнх бүлэглэл, хуйвалдсан хэсэг нөхдийн эрх ашгийн төлөө байна уу гэдгийг анхаарах цаг болжээ гэдгийг энэ бүхэн харуулаад байгаа юм.

-Хөгжлийн банкны өрийг төлөлцөхөөр иргэд болон УИХ-ын гишүүд хандив өргөж байгаа. Харин Ерөнхий сайд иргэдийн хандиваар өрөө төлөхгүй гэсэн. Тэгэхээр хандивыг юунд зарцуулах бол?

-Сүүлийн үед “шокийн онол”-ын тухай гадны улстөрч, эдийн засагчид их ярьж бичдэг болсон. Хүнийг шоконд оруултал дарамтлахаар өөрийгөө хамгаалах инстикт нь алдагдаж, үнэтэй цэнэтэй юугаа ч өгөхөөс буцахгүй болдог гэдэг дээр энэ онол гарч ирсэн юм билээ. Манайд ч гэсэн үүний илрэл гарч байна даа гэж бодогдож байна.

Улс орон өрөнд орчихлоо, ямар ч арга алга, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ гээд хариуцлагатай улчтөрчид мэдэгдээд эхлэхээр олон нийт ингэж л ойлгоно шүү дээ. Тэднийг буруутгах арга алга. Харин иргэд нь ээмэг, бөгжөө цуглуулж өрөө төлөх гэж байхад баялгийн мөнгийг харийнхантай нийлж хуйвалдаад гадагш гаргасан улсууд нь чимээгүй суугаад үлдэж болохгүй. Ийм мөнгийг төр хөөцөлдөж оруулж ирэхээс энэ асуудал эхлэх ёстой. Тэр нь шударга ёсонд нийцнэ.

-Ирэх сард төлөх өрийг хэрхэн төлөх вэ. Улс орны эдийн засагт нөлөөлөх үү?

-Одоохондоо эдийн засгаа хямраахгүйгээр шийдэх боломж хангалттай байгаа. Би Засгийн газрыг ингэж ойлгож, тэр чиглэлээр ажиллаж байгаа гэж найдаж байна. Нэг зүйл бол тодорхой. Энэ өрийг урт хугацаатай, хямд шинэ зээлээр солиод эдийн засгийн боломжтой үедээ төлөх ёстой.

-ОУВС-гийн мэргэжилтнүүд ирсэн. Тэд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхэд ямар шаардлага тавьж байгаа бол. Их л хатуу шаардлага тавих нь гэж дуулдаад байгаа?

-Би ч гэсэн наад шаардлагыг чинь сонирхоод л байна. Одоогоор надад мэдээлэл алга. Хэн зүгээр мөнгө өгөх билээ. ОУВС-гийн ийм хөтөлбөрийн зээлийг Полис матрик буюу зээлийн нөхцөл гэж зүйлүүд дагаж байдаг. Зарим хүн бол ийм нөхцөлийг эдийн засгаа сахилга, хариуцлагажуулахад хэрэгтэй л гэдэг юм. Ямар их хэмжээгээр үнэний тал бас бий. Зарим хүмүүс ийм хөтөлбөр хэрэгжүүлээд өндөр хөгжилтэй эдийн засагтай болсон улс орнууд маш цөөхөн байдаг тухай ярьдаг.

Ер нь бол хоёр талтай л асуудал. Хамгийн сайн зүйл бол улс орноо өөрсдийн хүчээр чадварлаг авч явах асуудал шүү дээ. Тиймээс би иймэрхүү хөтөлбөрийг улайран дэмждэггүй. Гэхдээ энэ удаа бол авахаас өөр арга зам алга. Одоогийн бий болсон өрөө зөвхөн нэг эх үүсвэрийн, нэг орны зээлээр сольж болохгүй. Тэгвэл бид тухайн орондоо эдийн засгийн хувьд бүрэн хараат болно. Тиймээс төлбөр нь цаг тулсан өрөө бусад орны хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаанд төлөх зээлээр солихоос өөр зам алга.

Улс орныхоо хувь заяаг хорин жил хүлээгээд бодит үр өгөөжөө өгөхгүй байгаа гадны хөрөнгө оруулагч гэдэг хоосон горьдлогод даатгаад байж болохгүй. Томоохон гэсэн хөрөнгө оруулагчид нь манай шуналтай хэдхэн нөхөрт хусам долоолгоод баялгийг маань хуу сорж байна. Түүхий нефтьтэй атлаа түлш, шатахуунаа гаднаас импортолж валютын нөөцөө шавхдаг мулгуу улс орон манайхаас өөр байхгүй биз дээ.

-Эдийн засаг сайжрах боломж харагдаж байна уу. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл төсөвт тодотгол хийх үү?

-Дэлхийн зах зээл дээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага байгаа. Үүгээр баримжаалбал эдийн засаг сайжрах боломж байна гэж хэлж болно. Ялангуяа коксжсон нүүрсэн дээр илүү боломж харагдаж байгаа. Харин төсөвт тодотгол хийх эсэх нь “Стэнд бай” хөтөлбөрийн нөхцөлийг хэрхэн тохиролцохоос шалтгаална. Ер нь бол тодотгол хийгдэх магадлал өндөр.

-Уг нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа үед зөв бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засгаа сэргээж болохоор харагдах юм?

-Зөв л харсан байна. Баялгийн үнээс хамаардаг эдийн засгийн бүтэцтэй байгаа цагт зах зээлийн эрэлт, үнээс цаашид ч хамаарах нь тодорхой. Өөрийн чинь хэлсэн шиг энэ боломжийг зөв ашиглаж чадвал, эдийн засгийн хямралаа гэтлээд зогсохгүй тогтвортой эдийн засгийн бүтцийн суурийг тавих боломж ч гарч болно. Тодруулбал, хөдөө аж ахуй болон органик хүнсний эрэлт дэлхийн зах зээл дээр цаашид өснө. Энэ чиглэлд хөрөнгө бүрэн бий. Хямралыг ажрахгүй давдаг бизнес бол хүнс, хоолны газрууд байдаг.

-Их хурлаар оффшор дансны тухай хуулийг хэлэлцэж байна. Та оруулж ирсэн хуулийн төсөл дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Таныхаар хэрхэх ёстой вэ?

-Дэлхийн улс орнуудын чиг хандлагыг харахаар оффшор бүсийг татвараас зугтсан, мөнгө угаасан, хууль бусаар олсон орлогоо байршуулдаг газар гээд жигших, шүүмжлэх хандлага давамгайлаад байдаг. Гэтэл наад УИХ-д орж ирсэн хуулийн төслөөр чинь бол манай улс төрийн албан хаагчаас бусад иргэддээ оффшор бүсийг нээлттэй болгож өгөх гээд байдаг.

Ингэвэл наад зах нь татвар төлөлт буурч, төсвийн орлого хүндрэх байх. Ер нь цаашид УИХ, Засгийн газарт төрийн өндөр албанд хэдэн жил луйвар хийчихээд ажлаасаа гарсны дараа оффшор бүс рүү мөнгөө зөөчихөөд байх юм биш үү гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа юм билээ. Тэгвэл энэ хуулийг яагаад зүтгүүлээд байгаа юм, хэнд хэрэгтэй юм гэдэг асуудал гарна аа даа. Миний бодлоор цаашид оффшорт илэрсэн хөрөнгийг нь шалгах гэхээр тэр үед хуульгүй байсан, одоо л хууль гарлаа шүү дээ гээд хэрэгсэхгүй болгож өнгөрөөх нэг арга зам юм болов уу.

-Оффшор дансны тухай хууль явсаар гадаадад данстай байхыг хүртэл хорихоор болчих юм биш биз?

-Тийм. УИХ-аар хэлэлцэх явцад төрийн захиргааны албан хаагчид болон түүний гэр бүлийнхэн гадаадад данс эзэмшиж боломжгүй байхаар санал орсон юм билээ. Гадаадад сурч байгаа хүүхэд нь ч данс эзэмшиж болохгүй нөхцөл'байдал үүсэх нь гэдэг болгоомжлол гишүүдэд төрсөн учраас хэлэлцүүлэг түр зогссон.

-"Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийг талцуулах боллоо. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг асуудлын гол нь  “Эрдэнэт”-ийн 49 хувь хуулийн дагуу шилжсэн үү гэдэгт байгаа. Уг үйлдвэр бол стратегийн ордод хамаардаг, төрийн өмчит бизнесийн байгууллага. Тиймээс УИХ-ын ажлын хэсгээс төрийн өмчийн асуудал болон стратегийн ордын асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүй Засгийн газар дангаараа шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзсэн юм билээ.

Эдгээр асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Ж.Наранцацралт гэдэг хүн ийм л асуудлаас болж Ерөнхий сайдаасаа огцорч байлаа шүү дээ. Энэ ажлын хэсгийн дүгнэлт зөв гэдэгт эргэлзэх хүн гарахгүй байх. Түүнээс биш хуулийн дагуу хувьд шилжсэн өмчийг төр булааж авах гээд байгаа зүйл огт байхгүй.

-Төр 49 хувийг эрх мэдэлдээ авна гэвэл “Монголын зэс” корпорацитай хэрхэн тохиролцох бол. Тэдний мөнгийг өгч чадах уу?

-Энэ асуудлаар тохиролцох зүйл байхгүй байх. Яагаад гэвэл хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихаад тохиролцох тухай яриа байж болохгүй. Хаант улс л биш юм бол төрөөсөө баян хүн байна гэж юу байхав. Монголд ийм мөнгө байна гэдэг чинь төрд байж болно л гэсэн үг. Нөгөө талаар банкны мөнгө гэдэг чинь Монголын иргэд, компаниудын байршуулсан хөрөнгө биз дээ.

-Төр 100 хувийн эрх мэдэл тогтоолоо гэхэд менежмэнтээ хийгээд явж чадах уу. Төрийн мэдлийн компаниуд ашиггүй ажиллаж дампуурдаг нь бараг жишиг болчихсон юм биш үү?

-Манайх шиг жижиг зах зээлтэй, хүн ам багатай улс орнууд тухайлбал, Чили, Норвеги, Финланд, Эстони зэрэг улс орнууд стратегийн үйлдвэрүүдээ төрийнхөө мэдэлд байлгаж улс орныхоо эдийн засаг, төсвийнхөө орлогыг бүрдүүлж ард түмнээ ажилтай орлоготой авч явж байна. Мөн улс орноо гадны нэг гэр бүлийн ч юм уу, эсвэл аль нэг орны томоохон корпорацийн мэдэлд оруулахгүй гэсэн болгоомжлол байдаг юм билээ.

Хувь хүндстратегийн үйлдвэр шилжвэл гадныханд шилжих боломж, эрсдэл гардаг гэж үздэг. Эдгээр улс оронд төрийн өмчит үйлдвэрийн газрууд ашигтай ажиллаад манайд яагаад болохгүй байна вэ. Жишээ нь, Чилид бол төрийн өмчийн зэсийн үйлдвэр “Коделько" компанийн удирдлагууд нь илүү харж хулгай хийхээргүй хэмжээний хангалттай цалин, урамшуулал төрөөсөө авдаг юм билээ. Нөгөө талаараа төрийн хяналт, ёс зүй өндөр байна гэсэн үг. Манайд бол хувьчилж авах хүсэл бодолдоо хөтлөгдөөд, магадгүй санаатайгаар муу ажиллуулдаг байж магадгүй.

-Та ирэх хаврын улс төрийг юу гэж харж байна вэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд олон үйл явдал өрнөх байх?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг дагаад хавар халуухан болох нь тодорхой. Хэн өрсөлдөх вэ гэдгээс авахуулаад улс төр эхэлнэ биз. Өмнөх сонгуулиар баахан зүйл сонгогчдодоо амлачихсан, бие биенээ хулхидчихсан гээд л асуудлууд мундахгүй. Энэ бүхэн чинь нэхэлтэй, дагалтай, хариутай.

Цаашид улс орны хувь заяа хаашаа эргэх вэ гэдэгт Ерөнхийлөгчийн сонгууль чухал хүчин зүйл болно. Иргэд ч тэгж төсөөлж сонгуульд оролцох биз. Нийгэмд “Ер нь нэг л биш болчихлоо" гэсэн уур амьсгал газар авч байна. Үүндээ хүн бүр шийдэл хайж байгаа. Тиймээс энэ удаа өмнөх сонгуулиуд шиг хуураад өнгөрөх нь юу л бол. Томоохон шинэчлэлийн эхлэл болох байх.

-Нийгмийн бүх хүрээг хамарсан хямрал, хүндрэлийн ард гарах гол гарц юу бол?

-Хүн бүр л өөрийн гэсэн бодлоор наад асуудалд чинь хандах биз. Мэдээж олон зүйлийг нэрлэж болно. Хамгийн гол зүйлийг нэрлэ гэвэл төрөө чадварлаг, зарчимтай болгох явдал л гэж хэлэх байна даа. Өнгөрсөн 20 гаруй жилд харамсмаар нураасан. Одоо горыг нь амсаж сууцгаана. Улстөржөөд мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус багаар салбараа удирдуулж ажлыг ньунагаж улс орноо хямрууллаа.

Үүнийг л нэн тэргүүнд засах ёстой. Миний хувьд үүнийг засахын төлөө тууштай байх болно. Төр нь зарчимтай, хариуцлагатай, улс орон, иргэдийнхээ эрх ашгийг эрхэмлэдэг байх цагийг ойртуулахын төлөө зүтгэх хэрэгтэй байна. Үүнийг популизм, эсвэл улс төр ш дээ гэсэн байдлаар харах бус харин зарчим болгож сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал юм даа.

С.АЛТАНЦЭЦЭГ