35 жил хүнсний салбартай ажил, амьдралаа холбосон эрхэм
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва
2017.01.24

35 жил хүнсний салбартай ажил, амьдралаа холбосон эрхэм

Түүний ажил, амьдрал 1982 оноос буюу 35 жилийн тэртээгээс хүнсний салбартай холбогдсон. 1980-аад оны эхэнд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургуулийг Хүнсний инженер, технологич мэргэжлээр төгссөн Д.Тэрбишдагва ажлын гараагаа Улаанбаатар мах, консервийн комбинатад цехийн мастераас эхэлсэн байна. Энэ комбинатад 6 жил ажиллахдаа үйлдвэрийн дарга болтлоо дэвшжээ.

1988 онд Герман улсыг зорьж, тус улсын дээд сургуульд орчуулагч багш, хотын захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн байдаг. Ингээд 1994 оноос бидний сайн мэдэх "ТБД андууд" ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь 6 жил ажиллалаа.

Үндсэн мэргэжлээсээ хэсэг хугацаанд хөндийрсний эцэст 2000 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004 онд салбарын сайдаар, 2006 онд Хүнсчдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдов. Ингэж тэрээр Монгол Улсын хөгжлийн суурь, тулгуур салбарын бодлогыг тодорхойлоход гар бие, сэтгэл зүрхээрээ оролцож эхэлсэн юм.

2004 оноос хойш парламентад тасралтгүй дөрөв дэх удаагаа сонгогдсон тэрээр одоог хүртэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогыг тодорхойлоход өөрийн байр суурь, санаа бодлоо илэрхийлсээр байна.

Саяхан гэхэд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаарх сайдын мэдээллийг сонссоны дараа тус салбарт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, нэн ялангуяа экспортыг дэмжих хүрээнд тодорхой төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй болохыг П.Сэргэлэн сайдад учирласан.

Эмийн ургамал, цай, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, жимс жимсгэнийг гадаад зах зээлд нийлүүлэх хангалттай нөөц, боломж байгааг онцолсон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр бол тун онцлогтой салбар гэж Д.Тэрбишдагва үздэг. Учир нь хүн амын өдөр тутмын амьдрал, амьжиргаатай шууд холбоотой шүү дээ. Тус салбарт бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь ЖДҮ-д хамаардаг. Тиймээс салбарын хөгжлийн бодлого нь ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлоготой шууд уялдах ёстой. Энэ уялдааг хангахын тулд Д.Тэрбишдагва чамгүй ажиллаж, оновчтой бодлого тусгуулахын төлөө мэрийсээр ирсэн. 

Олон улсад томоохон төсөл хөтөлбөр, үндэстэн дамнасан корпорациудыг бодлогоор дэмжихийн сацуу ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх явдлыг огт орхигдуулдаггүй юм шүү гэдгийг тэрээр сануулж, үе үеийн парламентийн ой санамжид хүнсний салбарт баримтлах бодлогыг бат суулгаж чадсан хүмүүсийн нэг. 

Монгол Улс 2009 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 6977 төсөлд 700 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Энэ хүрээнд шинээр 38 000 ажлын байр бий болж, 29 000 ажлын байр хадгалагдсан гэдгийг статистик мэдээллээс харж болно. Гагцхүү зээлийн зориулалт, үр өгөөж, эргэн төлөлт хэр түвшинд байгаад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаа зовниж байна.

Энд тоо ярьж болох ч бодитоор жижиг байснаа дунд үйлдвэр, дунд байснаа том үйлдвэр болсон жишээ хэд билээ? Бодох л ёстой. Хамгийн сүүлд гэхэд 2016 оны төгсгөлд 52 төсөлд улсын төсвийн хөрөнгөөр 23,8 тэрбум төгрөгийн, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эргэлт төлөлтийн эх үүсвэрээс 50 төсөлд 15,9 тэрбум төгрөгийн нийт 102 төсөлд 39,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Өнгөрсөн хугацаанд болон сүүлд олгосон санхүүжилтийн дүн хэмжээг олон улстай харьцуулахад бага боловч манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд харьцангуй том тоо. Тиймээс улсын төсвийг үрэлгэн зарахгүйн тулд зээл олголт, зориулалт, эргэн төлөлтөд зайлшгүй хяналт тавих нь зөв байх. 

Нэг төсөлд олгосон хамгийн ихдээ 2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ мэт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас ямар компанид хичнээн төгрөгийн зээл олгосон дэлгэрэнгүй жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва харахыг хүслээ.

Учир нь тэрээр хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт цөөнгүй жил ажиллаж, нилээдгүй хугацаанд уг салбарын бодлогыг тодорхойлж ирсний хувьд, мөн Эдийн засгийн байнгын хороог даргалж буйн хувьд ингэж шаардах бүрэн эрхтэй. Цаашид ч салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн менежментэд хяналт тавьж явах нь зүйн хэрэг юм.