А.Ундраа: Улсаа төлөөлөх хүнээ сонгохын тулд бие даасан хуультай болох ёстой
УИХ-ын гишүүн А.УНДРААТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. СЕХ-ноос санал гаргасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон гэж ойлгосон ч зарим хүн өөр тайлбар хийж байна. Тодруулбал, эрх барьж байгаа нам эрх ашигтаа нийцүүлж хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн гэж. Ер нь энэ хуульд өөрчлөлт оруулах нь зөв эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Манай улсад парламентын сонгууль болоод зургаа, орон нутгийн сонгууль дуусаад түүнээс ч бага хугацаа өнгөрсөн. Эдгээр сонгуулиар тухайн тойргоос төлөөлөх хүмүүсийг иргэд сонгодог. Харин Ерөнхийлөгчийн сонгууль өөр шүү дээ. Өөрөөр хэлбэл, улс даяараа нэг л хүнийг сонгодог.
Зарчмыг нь бодсон ч Ерөнхийлөгчийн сонгуулийг өөр журмаар зохион байгуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Тиймээс зохицуулалтаа илүү боловсронгуй болгох шаардлагатай нь эндээс харагдана. Нөгөөтэйгүүр хуулийн өөрчлөлтөөр зар сурталчилгаа, мөрийн хөтөлбөр буюу тухайн хүн Төрийн тэргүүн болсон цагт ямар арга барил, мөрийн хөтөлбөртэйгөөр ажиллах юм гэдгийг тодорхой болгох ёстой.
Өөрөөр хэлбэл, засаглалын эрх мэдлийн хуваарилалт өөр учраас, бүхэл бүтэн улсаа төлөөлөх хүнээ сонгохын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бие даасан хуультай байх ёстой гэж үздэг хүний нэг нь би.
Түүнчлэн олон талаас нь мэтгэлцэж байгаа нэг зүйл бол хандивын асуудал. Иргэдийн болон аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хандив гэж бий. Үүнд улс төрийн намын болон дэлхий нийтийн практикаас харах хэрэгтэй.
Ер нь санхүүжилтийн ил тод байдал, хариуцлагын зарцуулалтыг нийтээрээ хэлэлцэх нь зүйтэй.
-Сурталчилгааны хоногийг сунгаж байгаа. Гэтэл үүнтэй холбоотойгоор багагүй зардал гарах байх?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгаж байгаа нь яах аргагүй зөв шийдэл. Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох чухал цаг үе учраас нэр дэвшигчид улс орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллах шаардлагатай. Энгийнээр бодоход манай улс өргөн уудам нутагтай учраас аймаг, сум бүрт хүрч ажиллахад багагүй хугацаа шаардана.
Нэр дэвшигчид энэ эрхийг олгох хэрэгтэй. Нөгөө талаас сонгогчдын мэдэх эрхийг бас хангах учиртай. Ямар хүн нэр дэвшээд ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм гэдгийг иргэд мэдэхээс гадна нэр дэвшигчийнхээ царайг хүртэл ядаж харах хэрэгтэй биз дээ. Тиймээс тал талын эрхийг хангахын тулд сурталчилгааны хугацааг уртасгаж байгаа нь зөв л дөө.
-Хэдий тодорхой өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа ч сонгууль дөхөхөөр л хуульдаа гар хүрдэг жишиг тогтчих гээд байх шиг байна. 2016 оны УИХ-ын сонгуулиас хэдхэн сарын өмнө хуулиа өөрчилж байсан. Гэтэл энэ удаа бас л Ерөнхийлөгчийн сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдсэн байхад дөнгөж хуулийнхаа босгод амсуулаад л өөрчлөлт оруулах юм шиг байна?
-Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрчлөх гэж байгаа нь цаг хугацааны хувьд ингэж таарч байна л даа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 онд явуулдаг байсан бол бид ийм үгийн бай болохгүй байсан байх.
Гэхдээ нэгэнт сонгууль зохион байгуулж байгаа газар нь нэг хуулиар олон сонгуулийг явуулах нь учир дутагдалтай гээд саналаа ирүүлчихсэн. Нэгдсэн нэг хуулиар сонгууль бүрийг зохион байгуулах нь асуудалтай байгаа нь амьдралаас урган гарсан шаардлага учраас үүнийг бид хийхээс аргагүй.
-Бодит байдал ийм байгаа ч МАН олонх болонгуутаа хуулиа өөрчлөх гэж байна гэх шүүмжлэл давуу яваад байх шиг?
-Янз бүрийн л байр суурь яваад байх шиг байна Миний хувьд амьдралаас урган гарсан шаардлага учраас хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлтөө оруулаад явах ёстой гэж харж байна.
-Үндсэн хуулийг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна. “Эцэг” хуулийг өөрчлөх цаг нь болсон эсэхэд та ямар байр суурьтай байгаа вэ. Үе үеийн парламент энэ хуулийг өөрчилнө гэж ярьдаг, ингэх бүртээ ч шүүмжлэлд өртдөг. Энэ удаа мөн жишиг давтагдаад нэг нам олонх байгаа үед дэмий гэсэн шүүмжлэл хэдийнэ өрнөжээ?
-Төрийн эрх мэдлийг зөв, оновчтой болгох ёстой. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй шаардлага болчихсон. Тухайлбал, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимтэй зөв болгох, кабинетын зарчмаар ажиллуулах. УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг баттай хадгалж үлдээх.
Цаашлаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэм хэмжээг зааглах тухай түлхүү ярьж байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаатай ямар байдлаар уялдах, яаж харилцан бие биеэ зөв хянах юм бэ гэдгийг ч тодорхой болгох хэрэгтэй.
Гэхдээ хянана гэдэг бол хориглоно гэсэн үг биш. Амьдралд хэрэгтэй шаардлагатай буюу урт хугацаандаа зөв шийдвэр гаргах алсын хараатай байхын тулд эрх мэдлийн хуваарилалт их чухал. Миний харж байгаагаар энэ баланс алдагдчихаад байна. Өөрөөр хэлбэл, аль нэг тал руугаа хэтийдчихээд байна.
Гэхдээ юм бүхэнд биш зарим тохиолдолд шүү. Тухайлбал, авлигатай тэмцэх асуудлыг хэт дөвийлгөж, улстөржүүлж байна уу. Хэнд хэт их эрх мэдэл төвлөрөөд байна вэ. Гэтэл тэр эрх мэдлийн хуваарилалт нь зөв байна уу, үгүй юү. Хэтэрсэн эрх мэдэл сайн биш, гэхдээ дутуу эрх мэдэлтэй бол зорьсон зорилгоо хэрэгжүүлэх бололцоогүй. Тэгэхээр энэ үүднээс авлигатай тэмцэх болон төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг онцгойлон авч үзэх хэрэгтэй юм. Ард нийтийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүс төдий чинээ өндөр хариуцлагатай байх хэрэгтэй.
Ингэхийн тулд ард нийтийн механизм ямар байх юм гэдгийг тодорхой болгож өгмөөр байгаа юм.
Нэгэнт ард түмнээс сонгодог учраас алдаа гаргасан, буруу зүйл хийсэн, эсвэл улсын мөнгө хумсалсан гэсэн тодорхой тохиолдолд УИХ-ын гишүүдийг төдийгүй Ерөнхийлөгчийг эргүүлэн татдаг байх механизмыг хуульд тусгах талаар ярьж байна. Гэхдээ хуулийг хэлэлцэх үеэр чухам ямар зүйл заалт орж ирэхээс хамаарч тухайн үед тодорхой байр суурь илэрхийлэх болно.
-Манай улс ямар тогтолцоотой нь ойлгомжгүй болсон. Нэг болохоор парламентых юм шиг нөгөө талаар Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн явдал болох шиг боллоо. Төрийн тэргүүн хэлэхдээ, “Улаанбаатар бол үр ашиггүй хот болсон, хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй” гэсэн. Түүний хэлсэн энэ үг олон улсад хэрхэн хүрэх вэ, бидэнд гаднын хөрөнгө оруулалт агаар, ус шиг хэрэгтэй байгаа энэ үед тоогүй зүйл боллоо гэж дүгнэх хүн байна. Та хувьдаа хэрхэн дүгнэсэн бэ?
-Утааны асуудалд санаа зовоогүй хэн байгаа юм бэ. Их, багагүй л санаа зовниж байна. Ингэхээс ч өөр арга алга. Нэг агаараар амьсгалж, нэг дээвэр дор амьдарч байгаа улс шүү дээ, бид чинь. Гэтэл Ерөнхийлөгч ингэж хэлсэн нь хариуцлагагүй үйлдэл болсон.
Энэ бол цэвэр шоу. Хүн бүрийн санаа зовж байгаа асуудлаар зохион байгуулалттай, улс төрийн шоу хийх ямар шаардлага байсан юм бол гэж харсан. Утааны асуудлаар шоу хийхгүйгээр тусад нь тухайлан ярьж, шийдэлд хүрэх хэрэгтэй. Бүгдээрээ хохироод хордоод суухгүйн тулд хамтаараа ямар шийдвэр гаргах талаар ярилцах хэрэгтэй байгаа юм.
-Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ- аар хэлэлцэж эхлээд байна. Таны харж байгаагаар энэ хуулийг ямар байдлаар гаргах ёстой вэ. Бие даасан хуультай болгох нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр нь үр ашигтай болохын эхлэл мөн үү?
-Нэрнээс нь аваад үзэхэд л Монгол Улсын хөгжлийн асуудал эрхэлсэн банк юм байна гэж ойлгогдохоор байгаа. Гэтэл анх байгуулж байсан үүрэг зорилгоосоо замын дунд хазайсан, зөрчсөн шийдвэрийг олон удаа гаргасан нь тодорхой болоод байгаа шүү дээ. Ялгаж салгах шаардлагатай асуудал энд олон бий. Тухайлбал, яг зорилгынхоо дагуу зарцуулагдсан
зээл, хугацаандаа төлөгдөөд яваа, эсвэл үйлдвэр барихаар аваад зориулалтаар нь ашигласан аж ахуйн нэгжүүдэд хатуурхаж болохгүй гэж бодож байна. Харин улсын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй юм уу төсөвт өртгийг нь хэт их нэмэгдүүлсэн.
Үүнээс нь болоод улс эх орныг хямралт байдалд оруулсан зээлүүдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн зарцуулалтын тухайд зөвд зөөлөн, бурууд хатуу хандах хэрэгтэй.
-Хөгжлийн банкны авсан 380 сая евро бондын өрийг манай улс ирэх гуравдугаар сарын 21 төлж дуусгах ёстой. Гэтэл дотооддоо эдийн засаг хүндэрчихсэн, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь эргэлзээтэй байдаг. Албаныхан бол энэ өрийг хугацаанд нь төлнө гэж байгаа ч ямар эх үүсвэрээс вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Засгийн газраас бол хугацаанд нь төлнө гэдэг мэдээллийг өгч байгаа. Бидэнд одоогоор үүнээс илүү мэдээлэл алга. Ямар ч байсан бид урт хугацаандаа хөгжье гэвэл Хөгжлийн банкийг сайжруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.
Урт хугацааны аж үйлдвэржилтийн болон Монгол Улсын эдийн засгийг чадавхжуулж, багтаамжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын тулд яах аргагүй Хөгжлийн банкныхаа тухай хуулийг батлан гаргах хэрэгтэй.
-Хөгжлийн банкны төсвийг улсынхтай нэгтгэсэн. Гэтэл энэ нь уг банкийг яваандаа дампууруулах буюу олон улсын зах зээлээс бие дааж хөрөнгө босгох гэх мэтчлэн санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг нь хаасан алхам боллоо гэж сөрөг хүчнийхэн дүгнээд байгаа?
-Би үүнтэй санал нийлэхгүй. Эхний ээлжид манай улсад төсвийн сахилга бат нэг номерын асуудал байх учиртай. Хөгжлийн банкийг бий болгосноос хойш улсын төсөв хэдэн хэсэг болчихсон. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг хяналтаас гадуур зарцуулж байсан нь ноцтой нөхцөл байдлыг үүсгээд байгааг бид харж байна.
Тиймээс Хөгжлийн банкны тухай хуулийг тусдаа, бие даасан байдлаар зохицуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Жишээлбэл, энэ банкийг мэргэжлийн удирдлагаар хангах, компанийн хувьд засаглалыг нь сайжруулах. ямар, төсөлд ямар шалгуураар хөрөнгө оруулалт хийх. Түүнийгээ хэзээ эргэн төлөх зэрэг хөндлөнгийн болон мэргэжлийн байгууллагуудын хяналттай байлгах. Үүгээр ч зогсохгүй энэ бүх мэдээллийг олонд нээлттэй байлгах нь чухал байгаа юм.
Мөн энэ бүх процессыг улсын төсөв батлахаас өөр хэлбэрээр явуулах хэрэгтэй.Үүний тулд бие даасан хууль зайлшгүй байх хэрэгтэй.