Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсад төлбөр тооцоог сүүлийн үеийн технологи ашиглан хийх болсон ч бэлэн, бэлэн бус болон цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, дебит болон кредит шилжүүлэг, төлбөрийн карт зэрэг төлбөрийн цахим хэрэгслүүд болон урьдчилсан төлбөрт карт, мобайлаар хийж буй төлбөр тооцоог бэлэн төлбөрийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй сул хамгаалж байна.
Төлбөрийн системийн гол асуудал болох төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал, төлбөр тооцооны системийн барьцаа хөрөнгө, олон талт үр дүнгийн тооцоолол зэргийг журмаар зохицуулж байгаагаас маргаан үүссэн үед Дампуурлын тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх байдал давтагдсаар байна.
Түүнчлэн төлбөрийн үйлчилгээний болон төлбөрийн хэрэгслийн харилцааны оролцогч болох төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (тухайлбал, банк), түүний нэрийн өмнөөс төлбөрийн үйлчилгээг үзүүлж буй гэрээт төлөөлөгч (агент) болон хэрэглэгчийн эрх, үүрэг одоо болтол тодорхойгүй байгаагийн зэрэгцээ төлбөрийн систем, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагчид хяналт тавих Монголбанкны бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх механизмыг хүчин төгөлдөр үйлчилж буй банкны салбарын хууль тогтоомжид тусгаагүй байна.
Дээр дурдсан шаардлагыг үндэслэж Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын харилцан зохицолдоог хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн өрсөлдөөнт орчинг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнийг олон нийтэд ойртуулах замаар Үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн төлбөрийн үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 11 бүлэг, 49 зүйлтэй юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.