Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Өчигдөр УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Ганхуяг, Ж.Батсуурь, Н.Батбаяр, Б.Батбаяр нарын 12 гишүүдээс өргөн мэдүүлсэн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2010 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо уг тогтоолын төслийг 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Байнгын хорооны гишүүдийн олонхи тогтоолын төсөлд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон, төгрөгт шилжүүлэн шинээр гэрээ байгуулах, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж, тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, цаашид дээрхи урт хугацаат зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судлах, улсын төсвөөс төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниудад болон нүүрсний уурхай хоорондын хуучин өрийн сүлжээг бүрэн хаах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд олгох татаасыг бууруулахгүй байх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануураас гадна бусад нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад чадлын тариф нэвтрүүлэх, эрчим хүчний компаниудыг зах зээлийн зарчимд шилжүүлж эхлэх хугацааг 2014 оноос болгох, аймгуудын төв, Хөтөл тосгоны дулааны станц, шугам сүлжээний үйл ажиллагааг тэргүүн ээлжинд сайжруулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгах саналуудыг дэмжсэн байна.
Байнгын хорооны гишүүдийн дэмжин нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн дээрх саналууд олонхийн дэмжлэг авсан. Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг ч гишүүд босгосон. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг бүрэн шинэчилж, өвлийн улиралд шөнийн цагаар үнэ тарифыг “0” төгрөгт шилжүүлэх талаар бодлого боловсруулах гэсэн санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм байна. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хотыг утааны аюулаас зайлуулах ганц арга бол гэр хорооллын цахилгаан хэрэглэгчдийг дээрх байдлаар дэмжих гэдгийг тайлбарлаад гишүүдээс дэмжлэг хүссэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Би хоёр жилийн өмнө нисдэг тэргээр Улаанбаатар хотын дээгүүр ниссэн юм. Гэтэл Улаанбаатар хотын талбайн бараг 90 хувь нь гэр хороолол, 10 хувь нь байшин барилга байсан. Хамгийн их талбайг эзлэн оршиж буй гэр хорооллынхон тэр чигээрээ нүүрс, мод хэрэглэн дулаацаж байна. Байдал ийм байхад бид утаанаас хэзээ ч салахгүй. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд цахилгаан, газын хэрэглээг нэмэгдүүлж, түүхий нүүрс хот руу оруулахыг бүрэн хориглох л байна. Бид гэр хорооллыг цахилгаанаар дулаацдаг болгох асуудлыг судлаад үзвэл яасан юм бэ хэмээн саналаа хэлсэн. Дээрх саналыг гишүүдийн олонхиор дэмжигдсэн бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны саналыг ч дэмжин тогтоол батлагдлаа.