Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2016.11.04

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

“Насны хишиг”-ийг 65 дээш насныхан хүртэхээр боллоо

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс хойших хуралдаан 15.40 цагт эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуулийн төслүүдийн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас “Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Байнгын хорооны хуралдаанаар насны босгыг 65-аас эхлэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн мөнгөн дүнд багтааж зохицуулсан учраас төсөвт хүндрэл гарахгүй.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тухайд Төрийн албаны тухай хуулийн заалтыг тэр чигээр нь сэргээж байгаа гэж Засгийн газраас бидэнд хэлсэн. Хүүхдийн мөнгийг эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод 2015 онд 40 хувьд нь олгохгүй гэж байсан. Харин МАН-аас энэ мөнгийг бүх хүүхдэд олгохоор шийдсэн. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламжийн хэлбэрээр дансанд нь хийж өгөхөөр болсон гэж хариулж байлаа.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжив.

Үүний дараа Төсвийн хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Эдгээр саналууд нь Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг нарын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

Хуулийн төсөлд цэргийн албан хаагчдын ажлын онцлогийг харгалзан, тэднийг өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг бууруулахаар тусгагдан байв. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчдад нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.4 хувь нь дэмжив.

Түүнчлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоохоор боллоо.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэг авсангүй. Ингээд Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг нэмэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Хүрэлбаатар, УИХ-дахь МАН бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав.

Санал, дүгнэлттэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй учир Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 40 саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь  дэмжив.

Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.

Төсвийн орлого бууруулах чиглэлээр ажлын хэсгээс Өвөрхангай аймгийн 2017 оны төсвийн суурь орлогыг 621.6 сая төгрөгөөр, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хувиар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50.0 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр, Спортыг дэмжих болон Соёл урлагийг дэмжих сангуудын урсгал зардлаас нийт 4,000.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг 2017 оны төсвийн жилд ашиглан Засгийн газрын гаргах үнэт цаасны хэмжээг бууруулсантай холбоотойгоор хүүгийн зардлыг 47,993.4 сая төгрөгөөр бууруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Түүнчлэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэхэд ажлын хэсгээс зургаан санал гаргасан юм. Тухайлбал, 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 92,816.1 сая, Прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9,462.4 сая, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 341.8 сая, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд тус тус дэмжигдэв.

Мөн Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх төслийн нэгжийн Монгол Улсын Засгийн газрын хариуцах урсгал зардал 205.9 сая төгрөгийг төсөлд тусгах, Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,800.0 сая төгрөгийг нэмэх саналууд ч гишүүдийн олонхийг дэмжлэгийг авлаа.

Төсвийн тэнцлийг сайжруулахаар ажлын хэсгээс Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдэл болох 329,688.7 сая төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж Засгийн газрын гаргах үнэт цаасны дүнг бууруулах, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахгүй болсонтой холбоотойгоор хүүгийн орлогыг 4,700.0 сая төгрөгөөр бууруулах саналуудыг гаргасан юм. Эдгээр саналуудыг гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Хавдар судлалын үндэсний төвд сити томографын аппарат худалдан авч суурилуулах зардалд 1,600.0 сая, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Үүниий дараа төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар АН, МАН бүлэг, бусад байнгын хорооны гишүүдээс гаргасан дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 70 санал байсан юм. Эдгээр саналууд ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нарын гаргасан “Эрдэнэт дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үнсэн санг хоослоход зориулж 6,040.0 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах саналыг гишүүдийн 52.9 хувь нь дэмжив. 

Гэвч Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-дахь МАН бүлэг болон байнгын хорооны хуралдаан дээр 2017 оны төсвийн тэнцлийг сайжруулахын тулд шинээр баригдах барилга, урсгал зардалтай холбогдуулан сайд нарын багцад нэмж тусгасан саналыг дэмжихгүй байхаар тохирсныг санууллаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир уг саналаа татсан юм.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ