Л.Оюун-Эрдэнэ: Маш ойлгомжтой, энэ бол луйвар байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2016.10.25/ үдээс хойш 6 асуудлаар хуралдсаны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн асуудал байлаа. Хуралдааны эхэнд ОХУ-ын Засгийн газар болон тус улсын "Ростех" корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Монголросцветмент ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан талаарх Засгийн газрын танилцуулсан санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
"Банкны хадгаламжийн 98 хувийг нийт хадгаламж эзэмшигчийн 2-хон хувь нь эзэмшдэг нь үнэн. Баян, ядуугийн ялгаа эрс нэмэгдэж, Монголын төрийн дээр компанийн эрх ашиг гарчихаад байгаа нь нууц биш. УИХ-ын гишүүн болж, гурван сар чуулганы танхим, байнгын хорооны хуралд суугаад ирэхээр үүнд эргэлзэх зүйлгүй итгэж байна.
Олон улсад арилжааны банкны ажилтан нь компани байгуулж, тухайн улсынхаа зүрх нь болсон стратегийн орд газрыг худалдаж авсан жишээ байдаг юм уу? Арилжааны банкууд Засгийн газрын баталгаа гаргуулж, олон улсын зах зээлээс бонд босгоод байх юм бол цаашид ААН-үүд яаж тэгш, шударга өрсөлдөх юм бэ?
Монгол Улсын Засгийн газар нь ОХУ-ын Засгийн газартай тохирч чадахгүй байхад улсыг төлөөлж нэг банк хэлэлцээр хийгээд ирдэг болж. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон маш ноцтой зүйл ярьж байна. Худалдаа хөгжлийн банк гэж ярихаа болъё гэж байгаа бол та яагаад энд байгааг ойлгохгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ийнхүү хувийн компанид шилжсэнээр Худалдаа хөгжлийн банкны охин компанийн ТУЗ-ийн гишүүдэд гуравдагч этгээдэд худалдах эрх нь үүсчээ.
Монгол Улсын төсөв үндсэндээ 5 их наяд төгрөг. Нийт эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь хувийн компанид шилжчихээр үндэсний аюулгүй байдал хурцдана шүү дээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс өөр хариулт хүлээж байлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд түүхэнд үлдэх гээд Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн гэж хэлж байна. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон болохоор Сангийн сайдын даалгавраар хөдөлсөн гээд томроод байдаг. Хэн дуртай сувъект нь дурын хүнтэйгээ хэлцэл хийгээд явж байж болох юм уу?
Монгол Улс парламентын засаглалтай. Монгол Улсыг эрх зүйт төр удирддаг гэдэгт итгэдэг. Цаашид энэ асуудао нууц хэвээрээ явсан бол юу болох байсан бол? Одоо ард түмэнд нууцлаад байгаа бүх зүйлээ ил болгох хэрэгтэй. Маш ойлгомжтой. Энэ бол луйвар байна."