Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Төрийн ордоноо зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл болон эрдэмтэн судлаачид оролцож, санал солилцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн. Тэрбээр танилцуулгадаа “Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгана. 1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3.Эдийн засгийн гадаад орчинд гарч болзошгүй огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан зохицуулж, гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлнэ.
2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1.Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ.
2.2.Банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
3. Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах үүднээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
3.2.Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн хэмээгээд эдийн засгийн 2016 оны 2 дугаар улиралд 0.1 хувиар өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын сүүлийн 5 улирал дараалан уналттай байсан” гэв.
Монголбанкнаас мөнгөний бодлогын нөлөө нь нэг жилээс цааш хугацаанд эдийн засагт байдаг тул “Ирээдүйг чиглэсэн” мөнгөний бодлогын шийдвэр гаргах зарчмыг баримталж байгаагийн зэрэгцээ хүүгийн нэгдсэн бодлого явуулахаар төлөвлөжээ. Ингэснээр бодлогын хүүний нөлөө сайжирч, төгрөгийн ханшинд үзүүлэх дарамт багасах төдийгүй банк хоорондын зах идэвхжинэ гэж үзэж байгаа юм байна.
Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хангахаас илүүтэйгээр эдийн засгийн тогтвтортой байдлыг дунд хугацаанд бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, улсын валютын нөөцийг сэргээх арга хэмжээг авахаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслөлд тусгасан байна. Улсын валютын нөөцийг сэргээхийн тулд төсвийн нэгдсэн, зохистой бодлого явуулах, өрийн эргэн төлөлтийг зөв удирдах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлийг анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж.
Төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлсэн юм.
Монголын метал, уул уурхайн шинжээч Ч.Эрдэнэдалай:
- Хэлэлцүүлэгт урьсанд талархал илэрхийлье. Монголбанкнаас өргөн мэдүүлсэн мөнгөний бодлогын баримт бичгийг судалж байгаа. Эрсдэлийг урьдчилж харсан, няхуур ажиллаж чадсан гэж үзэж байна. Дунд, урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсгөх гол чиглэлийг баримталж байгааг зөв алхам болсон.
Надад хоёр асуулт байна. Олон Улсын Валютын сантай хэлэлцээр явагдаж байна гэж ойлгож байгаа. Дотооддоо төдийгүй дэлхий дахинаа Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлт үүссэн. Хэрэв хөтөлбөрт хамрагдвал 2017 оны төсөв, мөнгөний бодлого өөрчлөгдөх үү? Манай улсын өр зээлийн асуудал хүнд байна. Монголбанк юанийн свопын хэмжээг ихэсгэх талаар мэдэгдэж байсан. Энэ талын яриа хэлэлцээ ямар шатандаа явж байна вэ?
/Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны хэлцлийг хэлнэ/
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:
- Олон Улсын Валютын сангийнхан нэг дэх өдрөөс ажиллаж эхэлсэн. Хэлэлцээ явагдаж байна. Олон зүйл дээр ярилцаж, тохирох шаардлагатай учраас хэлцлийн үр дүн ямар байхыг одоо хэлэх боломжгүй. Төсвийн тухайд Монголбанкны байр суурь ямар байгаа вэ гэхээр 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн алдагдал 18 хувьтайгаар батлагдсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсөвт 10 хувьтай байгаа. 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлыг 8 хувь, 5 хувь гэж бууруулсан. Төсвийн алдагдлын энэхүү бууралтаас харвал төсвийн бодлого зөв чиглэлд явж байна гэж үзэж байгаа.
Мөнгөний бодлогын хувьд дунд хугацааны төсөөлөл гэдгийг хэлэх нь зүйтэй. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ойрын хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн барина. Ингэхээр төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийг тогтворжуулах гэсэн гурван зүйл байгаа гэсэн үг.
Юанийн свопын тухайд 2017 оны есдүгээр сард дуусах хугацаатайгаар 15 тэрбум юанийн своп гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүний тодорхой хувийг нь ашиглаагүй учраас бидэнд орон зай байгаа. Мөн АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндсөн. Улс төрийн түвшинд тодорхой шийдэл гарсан гэж ойлгож байгаа. Монголбанк, БНХАУ-ын Төв банктай хамтран ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан:
- Олон Улсын Валютын сангийн уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар оролцсон. Уулзалтын үеэр Сангийн сайд дунд хугацааны төсвийн төсөөллөө танилцуулсан. Олон Улсын Валютын сангийнхан энэ төсөөлөлд нааштай хандаж, төсвийн алдагдлыг хүлээн зөвшөөрсөн.
Төсвийн алдагдлыг 18 хувь, 9.9 хувь, 8 хувь, 5 хувь гэх мэтээр шат дараалан бууруулж байгааг зөв гэж үзсэн. Хэрэв огцом механикаар бууруулбал нийгмийн халамжийн бодлого алдагдах сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй гэдгийг мэдэгдсэн. Одоо Олон Улсын Валютын сантай хэлэлцээ хийхэд төсвийн тэнцлийн алдагдалд өөрчлөлт орохгүй байх.
Харин дотроо орлого, зарлагын зүйл ангиуд дээр шилжилт, өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй. Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр уялдах ёстой. Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг төсвийн төсөөлөл дээр тулгуурлаж хийсэн учраас ерөнхий зорилтод өөрчлөлт орохгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.
Сангийн сайд асан Д.Даваасамбуу:
- Монгол Улс маш эгзэгтэй үед байна. Сангийн яам, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд бодит байдлыг тогтоох гэсэн оролдлогууд учраас нааштай хүлээж авч байна. Өнөөгийн хүнд байдлаас гарахын тулд ямар нэгэн шинэлчлэл рүү орох боломж харагдаж байна. 25 жилийн турш бидний зовоож байгаа зээлийн хүү, хадгаламжийн хүүг багасгах суурь нөхцлийг 2019 он гэхэд бүрдүүлэхийн төлөө ажиллах чухал шаардлага байгаа юм. Зээлийн хүүг 12 хувь, хадгаламжийн хүүг 8 хувь байх суурь нөхцлийг бий болгох хэрэгтэй. Дунд хугацааны бодлогоо ийм түвшинд байлгах тал дээр анхаарч ажиллахыг Монголбанк, Сангийн яамнаас хүсье. Инфляцийг 6 хувиас хэтрүүлэхгүй 2019 он хүрч чадвал том амжилт болно.
Өнөөгийн нөхцөл байдалд эдийн засаг болон төлбөрийн тэнцэлд учруулж байгаа хүндрэлийг ярих хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн хямрал, өрийн тэнцлийн хямрал бий болсон байна. Үүний нэг илрэл нь валютын ханшийн уналт юм. Асар өндөр хүүтэй, төсвийн алдагдлыг нөхөх, цалин тавих зэрэгт авч хэрэглэсэн эргээд төлөх нөхцлийг нь бүрдүүлдэггүй зээлүүдийг хаахын тулд түнш орнуудтай хамтрахаас өөр аргагүй. Дунд хугацаандаа өр, дээлийн хүүгийн дарамтнаас гарахгүй бол Монгол Улсын эдийн засаг урт хугацаанд саарна. Иймд дотогш чиглэх валютын урсгалаа нэмж, гадагш гарах урсгалыг нь хязгаарлахад Засгийн газрын томоохон хөрөнгө оруулалтуудыг чиглүүлэх хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдалтай ийм үед өрийн болон хөрөнгө оруулалтын менежментийг хэрхэн сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:
- 2017 онд Хөгжлийн банкны бондын төлбөрийн хүү 580 сая ам доллар төлөх ёстой. 2016 оны төлбөрийн балансын төсөөлөл, төсвийн алдагдлын 18 хувь, 2017 оны төлбөрийн балансын төсөөлөл, алдагдал зэргээ тооцоод үзвэл ойролцоогоор 8 ихнаяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ байгаа. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орлоо гэхэд хамгийн ихдээ 400 орчим сая долларыг авах боломжтой болно. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар зөвхөн Олон Улсын Валютын сан гэлтгүй бусад эх үүсвэрээс хөрөнгө татахаар хэлэлцээ хийж байгаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан:
- Бид Засгийн газар, Монголбанк, бусад арилжааны банкууд дээр байгаа өрийн мэдээллийг нэгтгэж чадаж байгаа боловч нийт гадаад өрийн статистик тоо баримтыг гаргаж чадахгүй байна. Хувийн секторын өрийн мэдээллийг гаргах албажуулсан хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй учраас учир дутагдалтай байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санхүүгийн системийг олон тулгууртай болгох бодлого тусгагдсан. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүд, бусад хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд банкнаас гадна өрсөлдөж болохуйц эх үүсвэрийн зах зээлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, банк хоорондын төлбөр тооцооны системийн асуудал гэх мэтчилэн олон асуудлыг урьдчилж шийдэх ёстой болно. Эдийн засаг дунд, урт хугацаандаа харьцангуй тогтвортой байвал зээлийн хүүг бууруулж чадна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан:
- Хямралаас гарах эхний зорилт бол эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм. Одоогоор манай улсын өрсөлдөх чадвар дэлхийн 140 орноос 104 дүгээр байранд явж байгаа. БНХАУ 28, дугаар, ОХУ 45 дугаар байранд тус тус байгаа. Мөн хувийн секторын үүрэг хариуцлагыг шинээр харах шаардлага үүсч байна. Аливаа бүх үйлдэл хувийн секторт үйлчилж чадаж байгаа эсэхийг мэдэх ёстой гэсэн үг. Төслийн танилцуулгад маш чухал нэг дүгнэлт хэллээ. Зөвхөн мөнгөний бодлогоор хямралаас гарахгүй гэдэгтээ санал нэг байна. Төсөв, мөнгө болон бусад бүх бодлого уялдаж байж хямралаас хурдан гарна. Ямар ч бодлого гаргасан уул уурхайн болон уул уурхайн бус салбар гэж ангилж гаргах хэрэгтэй. Энгийнээр зүйрлэвэл Монгол Улсын эдийн засаг хэвтэрт байгаа өвчтөн. Ийм Ямар эмчилгээ хийх нь маш чухал. Хүчтэй эм, тариагаар шууд эмчлэх боломжгүй. Удаан хэвтэрт байлгах эсэхээ нь төрийн бодлогын уялдаа холбооноос хамааралтай.
Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Н.Энхбаяр:
- Бидний хувьд тогтолцоо төгс биш гэдгээ байнга бодох ёстой. Засах ёстой зүйл их байна. Төсөв, мөнгөний бодлоготойгоо хамт бүтцийн өөрчлөлтийн бодлого хамт явах ёстой.
Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Болд:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлал, агуулгатай санал нэг байгаа. Дэмжиж байгаа. Эдийн засаг, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилготой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Тодорхой саналуудаа бичгээр гаргаад Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Олон улсын байгууллагуудын өгсөн санал бүр зөв байдаггүй, алдаа дутагдалтай зүйлүүд байдгийг харгалзан үзэх нь зүйтэй.
Ийнхүү оролцогч нар асуулт асууж, санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв