Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
2015.10.29

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан байдаг. Монгол Улс мөн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүнчлэлтэй зэрэг нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурджээ.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжрах юм. Монгол Улс төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно гэж төсөл санаачлагч үзэж байгааг Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр эрхэм гишүүдэд танилцуулав.

Уг хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.