Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэлээ
Засгийн газрын хуралдаан болов.
- УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив.
- Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот бичиг солилцохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.
- “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Тус төв нь байгаль хамгаалал болон нэн ховор ан амьтан, ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах үндсэн зорилготой юм.
- Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, тасралтгүй 24 цагаар ажилладаг улсын төв III эмнэлгийн ангиографын аппаратын гэмтлийг засварлахад шаардлагатай 453 сая 800 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлд шаардагдах 350 сая 600 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.