“Мэргэн буудагч-2016” тэмцээнд амжилттай оролцлоо
Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ойг тохиолдуулан Цэргийн нэгдсэн сургууль, Хуурай замын цэргийн тэнхмийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, бие бүрэлдэхүүний мэргэн буудах ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, ахмад багш С.Цэрэнсодном агсны ажил, амьдралыг залуу хойч үеийнхэнд таниулан алдаршуулах зорилгоор зохион байгуулсан “Мэргэн буудагч-2016” тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 34 багийн 200 гаруй тамирчид хурд хүчээ сорьсон байна.
Баг тамирчид гар буу /ПМ/, автомат /АКМ/, мэргэн буудагчийн винтов /СВД/-ын төрлөөс гадна гранат шидэлт, олс таталт, туухай өргөлтөөр өрсөлдсөн аж.
Онцгой Байдлын Ерөнхий газраас тэргүүн дэд дарга, Онцгой байдлын хурандаа П.Баттогтох, Нийслэлийн Онцгой байдлын газраас хурандаа Д.Чинзориг нараар ахлуулсан нийт 12 тамирчин ур чадвараа сорьж, амжилттай оролцсон байна.
“Мэргэн буудагч” тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Онцгой Байдлын Ерөнхий газрын баг тамирчид энэ жил анх удаагаа оролцож, мэргэн буудагчдын чансаагаар эхний 10-т багтжээ.