"Энхийг сахиулагчийн өдөр"-ийг өнгөрүүллээ
Олон Улсын "Энхийг сахиулагчийн өдөр"-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын АБГББХ-ны гишүүд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага оролцлоо.
Энэ үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн Мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах "UNAMID" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулан өглөө.
Жил бүр 5 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон Улсын Энхийг сахиулагчдын баяр"-ыг энэ жил 9 дүгээр сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудыг ээлж солилцох хугацаатай уялдуулж байгаа хэрэг юм.
Тухайлбал, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн Мотобуудлагын батальон, Судан Улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлж тус тус үүрэг гүйцэтгэн энэ сард эх орондоо ирээд байгаа юм.
Анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд хоёр ажиглагч офицерийг илгээсэн тэр цагаас хойш өнөөг хүртэл дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө 3 тивийн 13 улсад 14 мянга орчим энхийг сахиулагч НҮБ-ын болон олон үндэстний эвслийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа бол яг одоо Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан, Афганистан улсуудад цэргийн баг, БНАКУ, Баруун Сахар зэрэг улсуудад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн ажиглагчид гээд хилийн чанадад 1300 гаруй энхийг сахиулагчид хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.