Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цэргийн албан хаагчийн нийгмийн халамж, цол, онцгой байдлын нэмэгдэл, цэргийн байгууллагад ажиллаж буй энгийн алба хаагчдийн асуудалд анхаарах ёстойг сануулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж өөр саналтай гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол, найруулгын санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.
Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.24.5 дахь хэсгийг үндэслэн 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/, төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 70.8 хувийн саналаар дэмжигдлээ.