Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилохыг ЭЗБ дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа Эдийн Засгийн байнгын хороонд танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.
Үүний дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ундармаа асуулт асууж, хариулт авсан. Мөн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва үг хэлсэн. Тэрбээр Монголбанк, санхүүгийн байдал амаргүй байгаа ийм цаг үед банкны салбарт 20 жил ажилласан туршлагатай хүн Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байгаад талархаж байна гээд цаашид Засгийн газар, Сангийн яамтай нягт уялдаатай хамтран ажиллахыг захьсан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.