О.Баасанхүү: Эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хуулиудыг таван жилээр хойшлуулах юм байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.08.25

О.Баасанхүү: Эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хуулиудыг таван жилээр хойшлуулах юм байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл өгөв. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Ээлжит чуулган зарлаж, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ ээлжит бус чуулган зарлаж байгаа тухай дуулдаж байна. Албан ёсоор надад зар, мессеж ирээгүй. МАН-ынхны дунд яригдаж байгаагаар бол наймдугаар сарын 25 буюу өнөөдөр гэсэн мэдээлэл байна.

Бүлэгтэй нам бол бүлгийн даргаар дамжуулж мэддэг, бүлэггүй хүн их хурлын даргаас мэддэг. Их хурлын дарга хүлээж авч уулзахгүй байгаа. Бид хоёр уг нь мессеж ирвэл албан ёсных гэж тохирсон.

Төсвийн тодотголын төсөл орж ирсэн. МАН Монгол Улсыг сайхан хөгжүүлнэ, цэцэглүүлнэ гэсэн уриатай гарч ирсэн. Ялангуяа хүүхэд залуучуудын асуудал анхаарч тусад нь хөтөлбөр боловсруулна гэсэн.

Гэтэл оруулж ирсэн төсвийн хуулиар бол Эрүүл мэнд, Хүүхэд харах үйлчилгээний хуулийг таван жилээр хойшлуулахаар болж байгаа юм байна.

Мөн хүүхэд хамгааллын тухай хууль ч гэсэн таван жил хэрэгжихгүй. Үндсэндээ МАН байх хугацаандаа дээрх хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлачихлаа.

Өөрөөр хэлбэл, 2021 онд үйлчилдэг болгохоор төсөл орж ирлээ. Тэгэхээр 2021 онд азтай нам нь, чадвал МАХН- ыг гаргавал бид энэ хуулиудыг хэрэгжүүлье.

-Төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголбанктай  холбоотой ноцтой асуудал орж ирсэн гэдгийг та хэллээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Сонгуулийн тухай хуулинд нэгдүгээр сарын 1-нээс хойш аливаа сурталчилгааг хориглосон учраас зарим нэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг их хурлын гишүүдийн ихэнх нь Засгийн газарт хяналт тавьж төсөл хөтөлбөрүүдтэй нь холбоотой санал хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байсан.

“Сайн оюутан”, “Сайн хашаа” гээд сайн нэртэй хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газар бонд гаргаад Монголбанк худалдаад авчихсан юм байна.

Тэгэхээр Монголбанкны тухай хуулин дээр Засгийн газарт яаж зээл олгох, нөгөө талаас Монголбанкны Өрийн удирдлагын тухай хуулинд Засгийн газар Монголбанкнаас 12.1.2- т заасан зорилгоор төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлж болно. 18.10- т Засгийн газар энэ хуулийн 18.7-д заасныг зөрчиж Монголбанкнаас зээлэхийг хориглоно гэсэн заалт бий.

Гэтэл энэ хоёр заалтыг хүчингүй болгуулахаар төсөлд тусгасан бана. Өөрөөр

Хэлбэл, Монголбанкнаас авсан зээлээ Засгийн газар төлөхгүй гэж шууд ойлгохоор харагдаж байна.

-Хуулийн төсөлд оюутнуудтай холбоотой нэлээд хэмнэлт гарч байгаа. Ялангуяа оюутны тэтгэлгийг зогсоосныг иргэд таатай хүлээж авахгүй байна?

-Оюутнуудад хуучин Төрийн сангийн тэтгэлэг гэж аятайхан ойлголт байсан. Дэлхийн болон Монголын шилдэг сургуульд хамрагдсан, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэлэг авдаг байсан.

Гэтэл Сургалтын төрийн сан гэдэг нэрийг өөрчлөөд Сургалтын зээлийн сан гэдэг нэртэй болж байна. Тэтгэлэг өгнө гэдгээсээ бүр мөсөн татгалзаж байна. Хуулинд бүтэн хараагүй, хэлгүй иргэнд тэтгэлэг өгдгийг болиулж байна. Өмнө нь эд нар өр, өр гэдэг байсан бол МАН өрөө үргэлжлүүлж, татварыг нэмж байгаа юм байна.

-Хэмнэлт хийж байгаа заалт бүр иргэдийн амьжиргаа руу чиглэсэн гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байна. Таны хувьд энэ төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна уу?

-Ний нуугүй хэлэхэд Монгол Улсыг дефольт гэж нэрлэдэг дампууралд орох хэмжээний нөхцөл байдалд оруулж ирсэн бодлогын ойлголт нь дундаж давхаргынхныг ядуурал руу хөтөлсөн байна.

Сургуулиудад багшаас бусад бүтцийг сайд тогтоохоор болж байна. Монголд байгаа бүх сургуулиудыг хэдэн ажилтан, цэцэрлэгчтэй  байхыг сайд оролцож батална гэсэн үг. Багш нараас гадна жирийн ажилчид халаа сэлгээнд хамрагдахыг үгүйсгэхгүй.

Мөн 36, 24 сарын тэтгэмжийг 12 болгосон. Өмнөх үед оюутнуудыг дэмжинэ гэдэг байсан бол дэмжиж болно гэсэн байгаа юм. Дэмжиж ч болно, дэмжихгүй ч байж болно гэсэн үг.

Хойт эхийн гар шиг ноцтой зүйлүүд орж ирсэн учраас төсвийн тодотголыг МАХН-ын зүгээс дэмжихгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

МАХН мөрийг хөтөлбөртөө ялангуяа оюутнуудыг өрөнд оруулахыг дэмжихгүй  байгаа.

-Оюутны 70 мянга хүүхдийн мөнгөний асуудал дээр бүр зогсоочихгүй өөр арга байхгүй гэж үү?

-Хүүхдийн асуудал дээр МАН үгүй гээд хариулчихсан. Хүүхэд хамгааллын хуулийг таван  жилээр хойшлуулчихсан юм чинь хүүхдийг хайрлахгүй, хамгаалахгүй гэдгээ зарлачихлаа Оюутнууд үнэндээ 70 мянган төгрөгийг авдаггүй.

Сургалтын төлбөр нь 70 мянга төгрөгөөр өсчихөөд байдаг. Энэ мөнгийг өгөхгүй байлаа гэхэд сургуулиудын төлбөрөөс 70 мянган төгрөгийг 10 сараар ч юм уу, тооцоод хасч шийдвэрлэж болох  асуудал. Гар дээр нь өгөхгүй байж болно. Ялангуяа төрийн сургууль дээр ийм боломж бий. Гэтэл зөв аргачлал хийхийн оронд шууд үгүй гэж хэлж байна. Ингэж нэг туйл руу нь шийдэж болохгүй. 

Ярилцсан С.Уянга