Оны сүүлээр алтны үнэ өснө гэсэн таамаг голлож байна
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.
-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сайнгүй хэвээр байна уу?
Гадаад нөхцөл байдал яг хэвээрээ. Дотоодын нөхцөл байдалд өөрчлөлт гарсан юм одоогоор алга байна.
-Шинэ засаг бүрдчихлээ. Уул уурхайн салбарт зайлшгүй гаргах ёстой шийдвэрүүд гэвэл та юуг онцлох вэ?
МАН засгаа бүрдүүлээд, байнгын хороодын дарга нарыг томилоод ажил эхэлж байна. Уул уурхайн салбарын хувьд зөвхөн засгаас хамаарах асуудлууд байна. Гадаад нөхцөл байдалд шууд нөлөөлөх арга бидэнд байхгүй. Мэдээж гадаад нөхцөл байдал хэзээ нэгэн цагт сайжирна. Түүнээс өмнө дотоод нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хураамж нэрийн дор авч буй татваруудаа цэгцэлмээр байна. Уул уурхайн компаниудын хувьд нөхцөл байдал хүнд байгаа.
Уулын уруу хар эрчээрээ өнхөрч байгаа чулуу шиг нөхцөлд орчихсон. Зогсоохгүй өнхөрүүлбэл хэзээ нэгэн цагт нам зогсоно. Уул уурхай хэдий хэцүү байдалтай байгаа ч эдийн засгийг нуруун дээрээ үүрч явааг өнөө хэр хүлээн зөвшөөрч чадахгүй байна л даа. Ганц үнэн гэвэл ойрын ирээдүйд Монголын эдийн засгийг чирч явах салбар бол зөвхөн уул уурхай.
Үүнийг ойлгох хэрэгтэй. Уул уурхайн салбараа хөгжүүлье гэвэл шат болгонд нь татвар хураамжаар дөнгөлдгөө болих хэрэгтэй. Хүссэн яам, газрууд уул уурхайн компаниудад зориулсан хураамжийг санаачилж авдаг. Гааль гэхэд л экспортод гарч буй баялгийн тонн тутмаас 1500 төгрөгийн хураамж авдаг. Хураамж нэртэй боловч татвараас өндөр дүн гардаг. Гурван шатны шүүхээр үзээд дийлээгүй. Хуульд хураамжийн хэмжээг гааль хариуцсан газрын дарга тогтооно, гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүний гарч байгаа зардлыг харгалзаж үзнэ гэсэн заалт бий. Зардлыг нь тооцвол ийм өндөр үнэ тавих аргагүй л дээ.
Уул уурхайн салбарыг унахад нөлөөлж буй эдийн засгийн тооцоогүй ийм хураамжуудыг шийдэх боломж Засгийн газарт бий. Сангийн яам гэж ямар ч УИХ, Засгийн газраас мэдэлтэй газар ажилладаггазарбайна. Татвар бол бүр хэцүү. Татвар дээр уян хатан хандах ямар ч сонирхолгүй газар.
-Татварынхны гол зорилго татвар авах болохоор буулгая энэ тэр гэхгүй байх л даа...?
Үүнийг бол ойлгож байна. Татвар байх ёстой, авах учиртай. Г эхдээ Засгийн газар дороо ажиллаж байгаа газар, агентлагуудынхаа уялдаа холбоог хангаж замбараагүй авдаг хураамж, татваруудаа цэгцлэх хэрэгтэй. Жишиг үнийн асуудлыг шийдсэн, илүү үнэ тооцож татвар авахаа больсон гэж ярьж байгаа. Бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх дээр хяналт тавьж арга хэмжээ авахгүй байна.
-Яамдууд татвараас ялгаагүй, бүр илүү үнийн дүнтэй хураамж тогтоож байна гэж ойлголоо...?
Та бод доо, ганцхан цаас дүгнэлт гаргаж өгснийхөө төлөө 170 сая төгрөг авч байна. Усны дүгнэлт гаргасны хураамж гээд энэ хэмжээний мөнгө авч болохгүй л дээ. Усны хэрэглээнээс тусдаа асуудал шүү дээ. Сангийн яамнаас төсөв бүрдүүлэхэд хэрэгтэй гэсэн тайлбар тавих байх. Тийм яриа бидэнд хэтээсээ сонин биш. Хамгийн гол нь татвар хураамжаа нэг мөр болгон цэгцэлж, сайн, муу аль ч цагг жигд байлгавал л уул уурхай хөгжинө. Хөрөнгө оруулагчдын голлож хардаг зүйл энэ. Нүүрсний экспорт дээр гэж ярихад л агаар бохирдуулсны хураамж гэж авдат. Хятадад шатаах нүүрснээс агаар бохирдуулсаны хураамж авч байгааг ойлгоход хэцүү.
-Хайгуулын лиценз олголт зогссон хэвээрээ юу?
Хэвээрээ. Лиценз олголт дээр нэг том алдаа бий. Засгийн газар орон нутаггай тохиролцолгүйгээр хайгуулын талбайг зарлачихсан. Орон нутгийн удирдлагууд татгалзсан хариу өгөөд эхлэхээр энэ ажил явцгүй болчихож байгаа юм. Компаниуд хайгуулын лицензээ аваад ажиллахаар очингуут орон нутаг үгүй гэчихэж байна л даа.
-Нэгэнт засгаас шийдсэн юм чинь гээд орон нутгийн эрхийг хумих гарц байж болох уу?
Холбооны улс биш учраас ийм гарцыг сонгож болно. Гэхдээ хоёр талтай асуудал. Уул уурхайн үйл ажиллагаа онцлог ихтэй учраас хөрөнгө оруулагчид нь орон нутагтайгаа ойлголцож ажиллахыг хүсдэг. Тэгэхээр нэг л гарц бий. Хуульд “Орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр хайгуулын талбайг зарлана" гэсэн утгатай заалт тусгаад өгчих хэрэгтэй.
-Энэ засгийн явуулах учиртай, хөдөлгөөд эхэлбэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр ямар төслүүд байна вэ. Мэдээж эхэнд нь Таван толгой жагсах байх...?
Оюу толгой гэх мэт нэгэнт хэрэгжээд эхэлсэн төслүүдийн эрчийг алдуулахгүй байх хэрэгтэй. Таван толгойн хувьд уурхай нь ажиллаж байгаа. Шуудхан хэлэхэд “нинжа” маягаар ажиллаад байх шиг. Таван толгойн бассейнд нэгдсэн ТЭЗҮ хийгдсэн эсэх дээр нарийн мэдээлэлгүй байна. Хэрвээ хийгдсэн бол, уулын ажлын нэгдсэн төлөвлөгөө гарсан бол тэр дагуугаа явж байгаа эсэхийг хянаж харж байгаа юм алга. Таван толгойг цогцоор нь хөдөлгөнө гэж яриад удаж байна. Таван толгойн дэд бүтцийг шийдэхгүйгээр юу ч яриад нэмэргүй.
-Төмөр замыг хэлж байна уу?
Далайг чирээд авчирч чадахгүй нь үнэн болохоор төмөр зам л байж таараа. Таван толгойн төмөр замыг тоож барих газар Хятадаас өөр олдохгүй болчихлоо л доо. Өмнө нь, нүүрсний үнэ өндөр байх үед арваад компани Таван толгойн тендерт өрсөлдөж байсан бол одоо тэр цаг түүх болж үлдсэн.
-Таван толгойгоос өөр зайлшгүй хөдөлгөх учиртай ямар төсөл байна?
Шүүх дээр асуудал нь очсон Гацуурт. Гацууртын орд тойрсон асуудал олон улсад ч тэр, дотоодод ч тэр Монголыг муухай харагдуулж байна. “Сөнтерра голд” олон нийтийн хувьцаат компани учраас олон улсын бирж дээр тавигдаж байгаа шаардлага, хөрөнгө оруулагчдынхаа тавьж буй шаардлагын дагуу байгаль орчны, нийгмийн хариуцлагын урьдчилсан судалгаагаа танилцуулах үүрэгтэй. Нэг танилцуулга нь наадмаас өмнө болсон юм. Компаниас урьдчилсан үнэлгээн дээр тулгуурласан төлөвлөгөөний төслөө танилцуулж байтал иргэний хөдөлгөөний хоёр нөхөр “Нарийвчилсан үнэлгээгээ хийсэнгүй" гэж орилоод байгаа юм.
Шүүх дээр байгаа асуудалд хэн нарийвчилсан үнэлгээ хийлгэж эхпэх билээ дээ. Шаардлагын дагуу явуулж байгаа процесс, танилцуулган дээр ингэж болохгүй л дээ. Тэр хоёр хүн ямар зорилготой ирснээ хэлэхгүй мөртлөө “Сентерра голд Монголоос зайлаад өгөөч. Олон улсын арбитр дээр очвол тэр мөнгийг чинь төлье” гэж орилсоор байгаад гарсан. Киргизийн Кумтарын ордыг жишээ татаж яриад байгаа юм. Киргизэд манайхтай адил нөхцөл үүсээд л цагдаа шүүхэд очсон.
Тэгээд ч хөзрийн мөрийнд газар нутгаа өгчихдөг хүмүүстэй жиших орон лав л Монгол биш. Киргизчүүд Ерөнхийлөгчөө Хятадад очиж хөзөр тоглож мөрийгөө алдангуутаа ордоо өгчихсөн гэж өнөөг хүртэл буруутгадаг. Тийм улсыг жишээ авч яриад байдгийг нь ойлгодоггүй юм. “Сентерра голд”-ыг ганц Монгол биш дэлхий даяар хардаг гэдгийг ойлгох учиртай. Ойлгосон хэрнээ хувийн ашиг сонирхлоор хандаж байх бүрэн үндэстэй.
Эсэргүүцэж байгаа хүмүүс “Сентерра голд зайл” л гэж байгаагаас биш “Гацууртыг огт ашиглуулахгүй" гэхгүй байгаа. Ноён уул, Хүннүгийн булш гэж эсэргүүцэж эхэлсэн ч Ноён уул нь таван км-ийн цаана, Хүннүгийн булш нь долоон км-ийн цаана болж таарсан. Гэтэл нинжа нар нь андуурч лицензтэй талбайг нь биш Ноён уулыг нь ухаж юм юм л болсон.
-Ч.Сайханбилэг Дубайд гэрээнд гарын үсэг зурж Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн нь буруу гэсэн агуулгатай зүйлийг УИХ-ын шинэ гишүүд яриад эхэллээ. МАН-ын голдуу гишүүд ингэж ярьж байна. Салбарын хүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Хаана, яагаад гарын үсэг зурсан бэ гэдгийг зөв буруу гэж дүгнэх аргагүй. Зайлшгүй шаардлагаас болж зурсан асуудал. Оюу толгойн гэрээг зураагүй бол өнөөдөр бид бүр ч хэцүү байдалд орох байсан. Бас ч гэж Оюу толгойн ачаар компаниуд хөдөлгөөнд орж эхэлж байна. “Хасу мегават”. "Хишиг арвин” зэрэг үндэсний компаниуд томоохон гэрээ байгуулчихсан. Уул уурхайн эдийн засаг дахь нөлөөлөл асар өндөр. Тэр дундаа Оюу толгой шигдэлхийн хэмжээний уурхайн хувьд эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь тодорхой. Уурхай ажиллаж эхлэхээс өмнөх барилгын ажилд асар их мөнгө ордог онцлогтой.
-Эрдэнэтийн 49 хувь дээр эсрэг тэсрэг санаа оноо, шуугиан шүүмжхүчтэй өрнөж байна. Засгийн газар эхэлж аваад, дараа нь яахаа төр л шийдэх ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг анзаарагдаж байна. Монголын компани Оросын хувийг худалдаж аваад Эрдэнэт зуун хувь Монголд ирсэн шийдвэр дээр салбарын хүний санаа оноог сонсъё?
Засгийн газар өөрийнхөө хувийг зарж байгаа хэрэг огт биш. Манайхаас үл хамаарах, ОХУ-ын менежмэнт нь хувьчлагдсан төрийн өмчит компани болох “Ростех”-ийн л шийдэх асуудал. Тэр компани хувиа зарах эсэхээ өөрөө шийднэ. Ний нуугүй хэлэхэд цагаа тулбал оросууд “Та нарт хамаагүй, бид өөрсдийнхөө эзэмшдэг хувийг л зарж байна” гээд шийдвэр гаргачих улс. Харин ч хүлцэнгүй хандаж хэлэлцээрт орохоор болсон гэж мэдээлсэн л дээ.
Зарсныхаа маргааш “Зарчихсан шүү" гэж мэдээлэх бүрэн эрх оросуудад бий. Мэдээж Монголын Засгийн газар хамтран эзэмшигч учраас юм хэлэх эрхтэй. Ер нь Хятадын компанид зарсан ч нөгөө талын бүрэн эрх. Жишээ нь “Чи машинаа хятад хүнд зарж болохгүй” гэж хэлж байгаагаас ялгаагүй эд. Таны хувьд машин чинь зуун хувь худалдаж авсан хувийн өмч.
Эрдэнэтийн хувьд эзэмшиж байгаа, өмчилсөн газар биш. Зөвшөөрөгдсөн лиценз бүхий талбайн л асуудал. Тэгээд бүр уурхай эзэмшиж буй компанийн тодорхой хувийг зарж байгаа. Энэ талаас нь харвал бизнесийн зарчмаараа бол “Ростех" эзэмшдэг хувиа хүссэн хүндээ зарах эрхтэй. Хоёрдугаарт, зарахаасаа өмнө Монголын талд мэдэгдсэн байж таарна. Монголын Засгийн газрын тухайд техник, эдийн засгийн ямар нэг хүндрэл үзүүлэхгүй л бол эсэргуүцэх ямар нэг үндэслэл байхгүй.
Компанийн хувь шилжиж л байгаа асуудал. Оросуүд манай талд өөрийн хувиа зарахгүйгээр бэлэглэх гэж байтал өөр нэг нөхөр өмнүүр нь ороод авчихсан бол өөр хэрэг. 500 сая ам.доллараас нь илүү үнэ хэлээд авах эрх Засгийн газрын хувьд бүрэн нээлттэй.
Гэхдээ Засгийн газар иргэдийн татварт төлсөн мөнгийг уул уурхайн эрсдэлтэй төсөлд зарна гэдэг эргэж бодох учиртай асуудал. Эрдэнэтийн хувьд хүдрийн агуулга нь багассан, нүсэр бүтэцтэй учраас зардал өндөр гэх мэт асуудал зовлон ихтэй үйлдвэр. Эрдэнэтийг төр бүтнээр нь аваад, зуун хувь эзэмшээд ашигтай эсэх нь эргэлзээтэй гэх гээд байна л даа.
-Төрийн зуун хувийн эзэмшилд очвол өнөөгийн данхар бүтэц нь улам данхайж, шахааны бизнес жинхэнэ утгаараа цэцэглэнэ гэсэн болгоомжлолыг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Хувийн компани менежмэнтэд нь оролцвол арай өөр, эерэг зураг харагдаж мэдэх л юм...?
Магадгүй, гэхдээ “Ростех” хувиа ганц компанид биш хэсэгчлээд зарчихвал нэлээд хэцүү байдал үүсэх эрсдэлтэй. Төр дийлэнх хувь эзэмшигч гээд шийдвэр гаргахад оролцуулахгүй байх магадпал өндөр. Удирдах багцыг эзэмшээгүй бол өнөөгийн байдал өөрчлөгдөхгүй л дээ.
Миний хувьд “Ростех” асуудлаас аятайхан холдчихов уу гэж хараад байгаа. Монголд уурхайн хаалт гэдэг ойлгөлт сүүлийн хоёр жилд л яригдаж байна. Манай улс Эрдэнэтийг хаах гэж нэлээд зүдэрнэ. 120 мянган хүнтэй хотыг яах вэ гэдэг томоос том асуудал. Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт үйлдвэр нэг хотыг тэр чигт нь тэжээж байгаа.
-Манай улсын экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүнээс алт л арай өнгөтэй байх шиг байна. Оны сүүлээр ханш нь бүр өснө гэсэн таамаг байгаа...?
Алтны үнэ сүүлийн үед бага зэрэгдоошилсон. Гэхдээ 1320 ам.доллараас буухгүй байна л даа. Оны сүүлээр алт өснө гэсэн таамаг голлож байгаа. Тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль асар том нөлөө үзүүлнэ. Зэс 4900 ам.доллараас буухгүй байгаа нь бас ч гэж сайн хэрэг. Гэхдээ төсөвт өөдрөгөөр төсөөлчихсөн. Нүүрсний үнэ муу хэвээр байна.
- “Дисковео Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэзээ болох вэ?
Есдүгээр сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн чуулган “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор болно. Мэдээж уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярина. Засгийн газарт бүрдэж дуусахаар чуулга уулзалт дээр хамтарч ажиллах болов уу гэж найдаж байна. Сонгуулийн дараа болж байгаа нь энэ жилийн “Дисковер Монголиа”-гийн онцлог. Хөрөнгө оруулагчид Засгийн газар ирэх жилүүдэд ямар бодлого барихыг сонирхохоор ирнэ. Засгийн газар ч бодлогоо танилцуулах байх.