Дэлхийн хамгийн аюултай газар
Дэлхий дахинд нөхцөл байдал улам түгшүүртэй болж байна. Эдүгээ дэлхийн хамгийн аюултай газрууд нь Дамаск, Багдад, Өмнөд Судан биш болжээ.
Хамгийн аюултай газар нь Өмнөд Хятадын Тэнгис (ӨХТ) юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон, олон улсын эрх зүй дээр үндэслэсэн олон улсын харилцааны одоогийн систем хэвээр үлдэх эсэх нь чухам энэ газарт шийдэгдэх нь. Хятад, АНУ хоёрын хооронд цэргийн мөргөлдөөн гарах магадлал улам ихсэж байна.
Гаагийн Олон улсын шүүхийн Байнгын Арбитрын шүүх Хятадын талаас зарим газар нутагт түрэмгий бодлого явуулж байгаа тухай Филиппиний гомдлыг авч хэлэлцээд шүүхийн шийдвэр Филиппины талд гарсан. Үүний дараа хурцадмал байдал намжих уу, эсвэл сөргөлдөөн ширүүсэх үү? Харамсалтай нь Хятадын талыг харахад ямар ч буулт хийх шинжгүй байна. Хятадууд Гаагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй, хэрэв бусад улс Хятадын сонирхолд хэтэрхий ойртвол хүч хэрэглэх магадлал өндөр болов.
ӨХТ угаас тайван бус байсан. Сүүлийн 15 жил Хятад улс хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай байсаар ирсэн. Барууныхан үүнийг Хятадын дээрэнгүй бодлого гэдэг бол, хятадууд өөрсдөө үндэсний ашиг сонирхлоо хамгаалж байна гэж үздэг. Хятад улс өөрийн гэж үздэг арлууд ӨХТ-т олон. Нөгөө талаас тус бүс нутагт нөлөөтэй АНУ Хятадын ихэнх хөршүүдтэй батлан хамгаалахын гэрээтэй учраас Хятадын амбицийг хазаарлахыг оролдож байна.
Бууж өгсөн тал нь олон зүйлийг алдах учир хэнд нь ч энэ талаар төлөвлөгөө байхгүй. Зүүн Өмнөд Азийг дэлхийн бусад хэсэгтэй холбосон худалдааны гол зам ӨХТ-ээр дайрч өнгөрдөг. Тиймээс сөргөлдөгч талуудад өөрийн мэдэлд байх чөлөөт усан зам хэрэгтэй. Түүнээс гадна Хятадад стратегийн болоод эдийн засгийн сонирхол бий. Хятадуудын хувьд өрсөлдөгчийн шумбагч хөлгүүдээс газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээ хамгаалахаас гадна ӨХТ дэх хүнгүй арлууд, бүлэг арлуудын эргэн тойрон дахь байгалийн хий, газрын тосны орд газруудад санаархаж байна. Загас олборлолт ч бас ӨХТ дэх Хятадын сонирхлыг татаж буй нэгэн хүчин зүйл юм. Хятадууд бол дэлхийд хамгийн их загас хэрэглэдэг ард түмэн. Нэг хүнд ногдох загасны хэрэглээ дэлхийн бусад улсыг нийлүүлснээс хоёр дахин их. Сүүлийн 15 жил Хятадын загасчид бусад улсын нутаг дэвсгэрээс ойролцоогоор нэг сая тонн загас агнасан (2,5 орчим доллар).
Хэрүүлийн алим болж буй гол арлууд бол Филиппиний ойролцоох Скарборо Шол арал, ӨХТ дэх Параселийн арлууд, Сенкаку арал (Японтой булаацалддаг) зэрэг юм. Үүнээс гадна олон арал бий.
Хятад улс өөрийн гэж үздэг арлууд дээрээ хэдийнэ төрөл бүрийн объектууд барьж эхэлсэн. Жишээ нь Манила хотоос холгүй орших Скарборо Шол хэмээх устаж алга болох дөхсөн шүрэн арал дээр хөрс асгаж, цемент цутгаж хавтангууд барьсан. Мөн агаарын цэргийн бааз барьж, радар суурьлуулснаас гадна ажиллагаанд ороход бэлэн болсон пуужин хөөргөх систем, цэргийн анги нэгтгэлүүд бий. Бусад арал дээр ч байдал иймэрхүү.
АНУ-ын хувьд хоёрдмол нөхцөл байдалд оржээ. Учир нь АНУ НҮБ-ын Далайн Конвенцид нэгдээгүй, гэсэн хэрнээ ӨХТ-ийн маргаан олон улсын эрх зүйн дагуу шийдэгдэх ёстой гэж үздэг. Үүний зэрэгцээ өөрийн цэргийн флотоо ӨХТ рүү илгээсэн.
Гаагийн Олон Улсын шүүхээс гаргасан шийдвэр бол зөвхөн Скарбора Шол аралд хамаатай. Энэ арал чухам хэнд нь харъяалагдах талаар шийдвэр гараагүй. Гэхдээ зарим нэгэн чухал зүйлийг Арбитрын шүүхээс гаргасан:
Нэгдүгээрт, энэхүү арал нь Хятадын эх газраас хол зайд оршдог учир Хятад улс өөрийн газар нутаг гэж үзэх түүхэн эрх байхгүй.
Хоёрдугаарт, эзэнгүй арлуудын эзэн нь хэн ч байсан арлуудын эргэн тойрон 200 миллийн радиуст эдийн засгийн бүс байгуулах эрх үүсэхгүй.
Гуравдугаарт, Хятад улс эдгээр шүрэн арал дээр объектууд барьснаар Филиппиний эрхийг зөрчсөн.
Дөрөвдүгээрт Хятад улс байгалийн үнэт өв болох шүрэн арлуудыг сүйтгэснээр Олон улсын Далайн эрх зүйн Конвенцид тусгагдсан хүрээлэн байгаа орчныг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзжээ.
Хятадууд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа хэлсэн. Олон улсын, тэр дундаа барууны шинжээчид цаашдаа Хятад улс эдгээр арал дээр байлдааны онгоцнууд авчирч, эргэн тойронд нь агаарын батлан хамгаалах бүс (Air Defence Identification Zones) байгуулж магадгүй гэж үзэж байна.
Хятад улс АНУ-ын оролцож болох цэргийн илт сөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ хоёр тал өөр өөрийнхөөрөө гэдийгээд байх юм бол хүч хэрэглэхийг байг гэх газаргүй.
Хамгийн чухал асуудал бол Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон олон улсын харилцааны системийг хадгалж чадах уу гэдэгт байна.