УИХ-ын дарга Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
2016.07.21

УИХ-ын дарга Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд, манай сайхан оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсэн ерөөе.

Манай улсын Хуульчдын Холбоо нь байгуулагдаад 3 дахь жилтэйгээ золгож байгаа ч Азийн 23 орны 30 Хуульчдын Холбооны тэргүүнийг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн хууль зүйн салбарын том хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйд сайшаалтай байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын Холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга” гэсэн олон нийтийн анхаарлын төвд байдаг сэдвүүдийг хэлэлцэхээр сонгожээ. Азийн Хуульчдын Холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалтаар бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, олон нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах олон санал, санаачилга, үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Ази, Номхон далайн бүсэд хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар санал, мэдээлэл хуваалцах орон зай болж, Хуульчдын Холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх, зүтгэл гарган ажилласаар ирсэн Та бүхний цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дахин дэвшүүлж, Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Миеэгомбын ЭНХБОЛД