ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө энэ удаа юу амлав?

2016.06.13
Сайт: Demparty.mn Г.Даваадорж
Дугаар : 41000
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө энэ удаа юу амлав?
АН

Ардчилсан нам 2016 оны Сонгуульд “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлж “Монгол хүн 2020” гэж нэрлэжээ.

Мөрийн хөтөлбөр нь Ажил орлоготой Монгол хүн, Эрүүл чийрэг Монгол хүн, Эрдэм боловсролтой Монгол хүн, Аюулгүй орчинтой Монгол хүн, Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн таван бүлэгтэй, 15 зүйлтэй байна.

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө улс орны эдийн засагт экспортын эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум долларт хүргэнэ гэж тусгажээ.

Тус намын мөрийн хөтөлбөр нь үндсэндээ одоогийн яамдын хэрэгжүүлж буй ерөнхий чиглэл, саяхан УИХ-аар баталсан ”,“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн ерөнхий санааг агуулсан байна.

Тухайлбал Аж үйлдвэр гэсэн хэсэгт Аж үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн агуулгыг тусгасан байна. Тодруулбал 2020 он хүртэл хүнсний үйлдвэрлэл, химийн аж үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ гэжээ.

Одоо уначихаад байгаа уул уурхайн салбарын хувьд гацаанд орсон стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн байна.

Хөдөө аж ахуйн салбарын тухайд Биокомбинатыг социализмын үед ажиллаж байсан хүчин чадалд нь хүргэнэ, “Цахим малчин хөтөлбөр” хэрэгжүүлнэ, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих санг 70-аас доошгүй тэрбумын эх үүсвэртэй болгоно, бэлчээр өмчлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ, “Монгол мах корпораци” байгуулна, “ХАА-н танхим” ТББ байгуулна гэх мэтийн заалтууд оржээ.

Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хөдөлмөрийн эрхлэлтийн даатгалыг бий болгоно, МСҮТ-ийн суралцагчдыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлагажуулна, “Ажилсаг төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэх зэрэг амлалтууд байна.

Зам тээвэр гэсэн хэсэгт        олон улсын болон улсын чанартай авто зам дагуу 150- 200 км тутамд жолооч, зорчигчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвүүдийг байгуулах тухай тусгажээ. Мөн Алтанбулагаас Замын үүд хүртэл хурдны зам тавьж, бүх аймгуудад гудамж төслийг хэрэгжүүлнэ гэжээ. Түүнчлэн АНУ-руу шууд нислэгтэй болж, 15 аймгийг агаарын хөлөгтэй болгож, 160 гаруй сумд руу тогтмол нислэгтэй болно гэсэн байна.

Барилгын салбарт “ Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Түүнээс гадна бүх аймгийн төв болон 15,000-аас дээш хүн амтай суурин газрыг ХОТ болгоно.

Хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр жил бүр тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад зориулсан хөгжлийн ордонг нийслэл, орон нутгуудад байгуулж, хувийн тэтгэврийн даатгалыг хөгжүүлэхээс гадна ганц бие ахмад настныг хамтын тэтгэвэрт хамруулна гэж амлажээ. Мөн иргэн бүрийг эрүүл мэндийн цахим карттай болгох юм байна.

Сүүлийн жилүүдэд орхигдоод байгаа эрүүл мэндийн салбарын тухайд жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагалдуулан багаар нь төрийн сангаар сургах, 11 аймагт оношлогоо эмчилгээний төв байгуулах, Монгол Улсыг элэгний Ц вирусгүй дэлхийн анхны улс болгох, иргэд эмнэлгийн бүх төрлийн мэдээлэл, магадлагаа, онош, эмчилгээ, жорыг ТҮЦ машинаас авдаг болгох гэх мэт амлалтууд оржээ.

Боловсролын салбарт одоо хэрэгжиж байгаа боловсролын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх гадна бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмж, дэлхийн ТОП 100 сургуульд сурах оюутнуудын тоог нэмнэ гэжээ.

Аялал жуулчлалын салбарын чиглэлээр “ХОТ АЙЛ-ХОТЕЛ” хөтөлбөр хэрэгжүүлж, малчин өрх бүр жуулчин хүлээж авах боломжийг бүрдүүлнэ, ариун цэврийн дэд бүтцийг улс даяар байгуулна гэжээ.

Дэлгэрэнгүйг http://www.demparty.mn/

Монгол Ардын Нам энэ удаа мөрийн хөтөлбөртөө юу амлав?

2016.06.13
Сайт: Vip76.mn Г.Даваадорж
Дугаар : 41004
Монгол Ардын Нам энэ удаа мөрийн хөтөлбөртөө юу амлав?
МАН

Тус намын мөрийн хөтөлбөрийг нийгмийн бодлого, эдийн засгийн бодлого, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого, нийслэлийн хөгжил гэсэн үндсэн таван чиглэлээр хэрэгжүүлэхээр боловсруулжээ.

Нийгмийн бодлогын чиглэлээр гурав ба түүнээс хүүхэдтэй эхийг дэмжих зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож, төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан жилийг 1,5 хувиар тооцно гэжээ. 

Оюутнуудын төлбөрийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор “Боловсролын зээлийн сан” байгуулж оюутан төлбөрөө зээлээр төлж, ажилд орсныхоо дараа цувуулан төлдөг болгоно, оюутан ажиллуулсан компанийг урамшуулна гэжээ.

Мөн залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хамгийн түрүүнд орон сууцанд оруулна, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна, ахмадууддаа “Ач санах” хуулийг батална, тэтгэврийн зөрүүг арилгана гэж амласан байна.

Эрүүл мэндийн салбарт санхүүжилтыг хоёр дахин нэмж, гадаад, дотоодод өндөр үнэтэй эмчилгээ хийлгэвэл эрүүл мэндийн даатгалд хамруулж, 2021 он гэхэд элэгний С вирусыг устгана гэж тусгажээ. Түүнчлэн нийтийн бие тамир, иог, бясалгал, фитнесээр хичээллэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэргийг эрүүл мэндийн даатгалаас урамшуулна гэсэн байна.

Харин шинжлэх ухаанд зориулах санхүүжилтыг одоогоос тав дахин нэмж, гарааны компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж амлав.

 Эдийн засагт хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “давхар дээл” өмсөхөө больж, өрийн дарамтыг үе шаттай бууруулж, цаашид өндөр хүүтэй зээлээс татгалзана гэжээ. Мөн зээлийн хүүг бууруулна, валютын нөөцийг нэмэгдүүлнэ, инфляцийг нэг оронтой тоонд барина гэх мэт уламжлалт амлалтууд оржээ. Мөн бондуудын үргүй ашигласан мөнгийг эргүүлэн төлүүлж, 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгохоо амлаж байна.

Эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр цахилгааны үнийг цаашид нэмэхгүй байж, тавдугаар цахилгаан станцыг барина гэжээ.

Мөн жилийн орлого нь  1,5 тэрбум төгрөгөөс бага байвал аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгож, хөдөө орон нутагт бүсийн хөнгөлөлтийг хэрэгжүүлнэ гэсэн байна.

Хөдөө аж ахуйн чиглэлд атрын аяныг үргэлжлүүлж, тариалангийн даатгалыг бий болгож, малчны зээлийн хүүг бууруулж, малчдын тэтгэврийн насыг наашлуулж, малын хулгайчдад оногдуулах шийтгэлийг чангатгана гэжээ.  

Аялал жуулчлалын салбарт бодлого хэрэгжүүлэхдээ Монголд ирэх жуулчдын тоог нэг жилд нэг сая, дөрвөн жилд дөрвөн саяд хүргэхээр амлаж байна.

Төрийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд “Шилэн тендер”-ийг бий болгож, төрийн албанд мерит буюу мэргэшсэн төрийн албаны тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ.

Тус намаас нийслэл хотыг хөгжүүлэхдээ Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай хууль батлуулж, дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэдийн эрх ашгийг сэргээж, гэр хорооллын хашаа, байшинг зээлд хамруулж, Улаанбаатарыг утаагүй болгоно гэжээ.

Мөн дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламж, хороо бүрт хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбай барьж, газар доорхи машины зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амлав.

Түүнээс гадна түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлж, нийслэлийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн байна.

Дэлгэрэнгүйг http://www.nam.mn/


463ХҮНДЭМЖИВ
Дэмжих
394ХҮНДЭМЖИВ
Дэмжих