Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.05.11/ хуралдаан 15 цаг 02 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр болов.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив
Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Засгийн газар хооронд “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор 2004 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулж, Улсын Их Хурал соёрхон баталжээ.
БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь дэлхийн 50 гаруй оронд Хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл манай улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт нийт 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.
Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам барих (6.7 сая), Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах (5 сая), Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар), Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах (251 мянга), МУИС-д турк судлалын тэнхим байгуулах (427 мянга), Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих төсөл хэрэгжүүлжээ. Мөн 2007 онд манай улсын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж бэлэглэсэн бол 2008 онд Туркийн Засгийн газар 100 мянган ам.долларын хүнсний тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн 2014 онд "Mэргэн Тоньюкукын автозам" төсөл, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын Ар Жанчивлан рашаан сувилал руу салдаг цэгээс Мэргэн Тоньюкукын хөшөө хүртэлх 10 км автозам барих төслүүдийг санхүүжүүлжээ.
Хоёр орны Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох юм байна. Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрээр хамтын ажиллагааны хүрээ, тэргүүлэх салбар чиглэлийг нэмэгдүүлсний зэрэгцээ өмнөх хэлэлцээрт ерөнхий байдлаар тусгагдаж нэмэлт зохицуулалтын асуудал үүсдэг байсан зарим заалтыг тодорхой болгож шинэчилсэн гэдгийг хууль санаачлагч дурдлаа.
Хууль санаалагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Сономпил нар ажлын хэсгээс асуулт асууж хариулт авав.
Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас болоод бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй байдаг байна. Түүнчлэн газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа аж. Иймээс Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар батлан хамгаалах зориулалтын болон төрийн нууцад хамааруулснаас бусад байр зүйн зургуудыг нийтийн хэрэгцээнд ашиглуулахаар уг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг санал нэгтэй дэмжив. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүнээс энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад харилцааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм.
Даяаршлын энэ эрин үед улс орнуудын харилцан хамаарал улам бүр өсч, олон улсын харилцаанд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарах боллоо. Үүний сацуу Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх бүр өргөжин тэлж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах асуудлыг чухалчлан үзэж, холбогдох заалтуудыг оруулсан. Үе үеийн Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн энэ асуудалд анхаарч, гадаад бодлогыг “нэг цонхоор” явуулах зохицуулалт хийхэд чиглэсэн хүчин чармайлт, холбогдох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ирсэн.
Гэсэн хэдий ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй эдгээр журам, тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй гадаад айлчлал, арга хэмжээг дур мэдэн хэрэгжүүлэх, Гадаад хэргийн яамны санал зөвлөмжид үл нийцэх яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулах зэрэг явдал гарсаар байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байж, “нэг цонх”-оор хэрэгжих суурь зарчмыг алдагдуулж, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргээд зогсохгүй Монгол Улсын олон улсын нэр хүндийг унагах эрсдэлд хүргэж байна. Иймээс Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу, гадаад харилцааны хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангаж, тогтвортой, залгамж чанарыг хадгалах, гадаад харилцаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг өндөржүүлж, батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, Монгол Улсын цаашдын хөгжил дэх гадаад харилцааны салбарын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 15 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд Монгол Улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Гадаад бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, төрийн гадаад арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Ингэхдээ өндөр дээд түвшний айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, олон талт гэрээнд нэгдэн орох, улс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой уулзалт, хэлэлцээрийг нэгдсэн журмаар төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусган боловсруулж Засгийн газраар батлуулах, холбогдох байгууллагууд жил бүр гадаад арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулан, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан батлуулж, мөрдөж, тайлагнаж байх зохицуулалтуудыг тусгалаа. Мөн гадаад бодлогын цаг үеийн чухал асуудлаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан зохицуулах зөвлөл байгуулах, гадаад арга хэмжээний тусгай зохицуулалтууд, Монгол Улсын байр суурийг олон улсад илэрхийлэх асуудлыг нарийвчлан зохицуулж, төрийн захиргааны төв байгууллагын дэргэд гадаад бодлогын мэдээллийн нэгдсэн санг байгуулахаар төсөлд тусгасан. Түүнчлэн гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зааж өгснийг төсөл санаачлагч танилцууллаа.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр тус байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө