Загасчдыг хайх ажиллагааг ОБЕГ-ын дарга удирдаж байна
Онцгой байдлын ерөнхий газар
2016.05.10

Загасчдыг хайх ажиллагааг ОБЕГ-ын дарга удирдаж байна

Буйр нууранд загасчилж яваад дөрөвдүгээр сарын 24-нд осолдсон дөрвөн иргэний хоёрынх нь цогцос одоо болтол олдоогүй байна.

Тэдний нэгнийх нь цогцос мөсөн дээр хөвж явахад нь Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид тухайн өдөр гаргаж авсан бол гурав хоногийн дараа тэдний завийг, уржигдар 42 настай Г-гийн цогцсыг олсон юм.

Тус аймгийн Онцгой байдлын газрын найман ажилтан дээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн найман усчин-аврагч нэмж очин, хилийн цэргийн хоёр алба хаагчтай хамт эрлийг үргэлжлүүлж байна. Нийтдээ тэнд гурван завьтай 33 хүн ажиллан, 26 настай Б, 41 настай М нарын цогцсыг эрж байгаа аж.

Нуур бүрэн гэсээгүй, хүчтэй салхитай, хүйтэн байсан ч банкны зээл, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зорилгоор талийгаач нар тэр өдөр загасанд явсан гэнэ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар уржигдар 20.10 цагт Буйр нуур руу очин, эрлийн ажиллагааг удирдаж байна.