Муу хүн байдаггүй. Харин...
"Долоон бурхан харавдаггүй" гэсэн нэртэй кино үзлээ. Нэг талаараа уран сайхан талаасаа дутуу дулимаг юм харагдаж л байна. Гэхдээ түүхэн кино гэдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас ил кино таалагдсан юм.
Монгол Улсын тусгаар тогтнолыг авчирсан эрэлхэг баатруудын энгийн бөгөөд эрэмгий амьдралыг хараад нэгэн сонсож байсан шүлэг санаад зурайн орж ирлээ. ӨВГӨДИЙНХӨӨ СҮНСТЭЙ ЭНЭ Л НУТАГТАА ЭЗЭН НЬ БИ ГЭЖ ӨВЧҮҮ ЮУГЭЭ ДЭЛДЭН ОМОГШИХГҮЙ ЯАХ ЮМ БЭ, ӨНЧИН ГАНЦХАН ЧУЛУУГАА БҮТЭН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ҮХЭЖ БИ ЧАДНА ГЭЖ ОНГИРОХГҮЙ ЯАХ ЮМ БЭ гэж төрсөн нутгийнхаа баатарлаг хөвгүүдээр бахархах сэтгэгдэл нэгэнтээ байсан юм.
Өнөөгийн улстөрийн хүчин дунд энэ улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй олон хүн байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч зарим нэгэн төрийн түшээг харахдаа арай ч дээ гэх сэтгэгдэл төрж байна. Бодохнээ УИХ-ын гишүүн болж, засаг байгууллахад оролцох нь урсгал мөнгөний эргэлт дунд ордог учир их хичээх нь арга юун.
"Анхны долоо" ард түмнийхээ төлөө амиа ч золиход бэлэн байсан нь гайхамшиг биш гэж үү?
Тэр долоон залуусын амьдралд олон сайхан мөчөө айдас хүйдэс дунд өнгөрүүлсэн гэж бодохоор одоогийн улстөрч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс арай ч биш санагдах юм. Зарим нэг том улстөрчид өлсөнө гэж айлгаад л байгаа харагдаж байсан. Үе үеийн сонгуулиар шүү дээ. Тэдний хэд хоног өлсөх бол юу ч биш юм байна гэдгийг "Анхны долоо" харуулжээ.
...Түүх ярьж цэцэрхэх гэж хичээсэнгүй. Монголд зоригтой хүмүүс, тэр дундаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байгаа нь ажиглагдахаас гадна бүр мэдрэгдэж байна. Хүний төлөө өөрийн амиа өг гэсэн үг биш. Харин үнэн сэтгэлээр зүтгэх хүмүүс хэрэгтэй гэсэн үг...
Сонгуулийн дүн гарч дууссаны дараа зурагтаар зарим хүн бүр эрүүл ухаанаа гээсэн гэлтэй унаж тусаж шалан дээр хэвтэж байхыг харлаа. Хэний төлөө тэгж байгаа юм бэ? Мэдээж өөрийнхөө л төлөө биз дээ? Сонгууль гээд хүмүүсээс хүртэл зээл авч, өөрийнхөө хөрөнгийг тултал нь шавхсан байх. Уг нь сонгуулийн өмнө айхтар сайхан хүн л зурагтаар гарч байсан санагдах юм. Дараа нь харин шалан дээр өнхөрч байхыг хараад дэндүү их санаа зовлоо. Ийм ч байж болохгүй байх.
Үүгээр ч сонгуулийн солиорол дуусангүй. Ах дүүс болж, тэврэлдэж байсан хүмүүс нэгнээ муулж байх юм. Муу хүн байдаггүй. Харин муу зүйл хийдэг хүн л байдаг. Өмнө нь сануулж хэлээгүй байж өнгөрсөн хойно нь гоочилж дуудах нь сайхан байдаг юм байхдаа. Уг нь бол энэ төр гэдэг тэр зүйл чинь олон хүний эв нэгдэл дунд л тогтвортой байдаг зүйл шүү дээ. Түүхэнд хүчирхэг олон гүрэн улс байсан. Тэднийг гаднаас нь довтлоод дийлээгүй учир дотроос нь ялзалсан гэдгийг санах хэрэгтэй.
Монгол Улсын хөрөнгө оруулалт хийх томоохон салбар болох уул уурхай. Энэ бол улс төрчдийн "өдрийн бодол, шөнийн зүүд" болсон бололтой.
Үнэнийг хэлэхэд Монгол хүн хатуу хэцүү нөхцөл хамгийн мундаг толгойгоо ажиллуулж чаддаг.
Энэ орны эзэн хэн бэ? Эгэл ард түмэн шүү дээ. Энэ богино амьдралдаа түүхэнд "долоон баатар" шиг нэрээ мөнхлөн үе үеийн хойч үедээ үлгэрлэн бахархуулахаар байх юмсан.