60 кг-д сонголт хийхэд хамгийн хэцүү байлаа
2016.04.27

60 кг-д сонголт хийхэд хамгийн хэцүү байлаа

“Рио-2016” олимпийн наадамд зодоглох жүдочдыг МЖБХ-ноос дөнгөж сая албан ёсоор зарлалаа.

Энэ үеэр багийн ахлагчаар олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг томилов. Тэрээр “Өнөөдөр манай тамирчдын хувьд баяртай басхүү хүнд өдөр тохиож байна. Жингийнхээ олон тамирчны дундаас сонгогдож олимпод оролцохоор болсон нь баярлууштай ч тэр хэрээрээ асар их үүрэг, хариуцлага ноогдож байна. Үүнийг маш сайн ухамсарлаж, хичээх хэрэгтэй. Бүгдэнд нь амжилт хүсье. Хамтын хүч амжилт” гэлээ. Энэ үеэр МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа. 

-Олимпод оролцох тамирчдын сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Хоёр өдөр хуралдаж, дөрвөн жилийн хугацаанд гаргасан амжилт, одоогийн бэлтгэл зэрэг олон зүйлийг харгалзаж байгаад сонгосон. Манайд олимпод оролцох боломжтой 2-3 тамирчинтай таван жин байгаа. Тэднээс нэгийг нь сонгох хэцүү байсныг онцолъё. Жингийнхээ бусад орны шилдгүүдтэй хэрхэн барилдсан, үлдээд буй хугацаанд бэлтгэлийг нь хэрхэн базаах зэргийг харгалзсан.

-60 кг-ын сонголтыг хийх хамгийн хэцүү байсан болов уу?

-Тэгсэн. Дэлхийн аварга Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг гэрт нь өнжөөж залуу жүдоч Ц.Цогтбаатарыг сонгох амаргүй байлаа. Цогтоо энэ жилийн УАШТ-д Бодбаатар, Амартүвшин нарыг ялж, түрүүлсэн, Азийн аваргад ДАШТ-ий мөнгөн медальт бөхийг өчих мэхээр ялж, хүрэл медаль авсан нь гол үнэлгээ байлаа.

-Олимп эхлэхээс бараг гурван сарын өмнө оролцох тамирчдыг зарлах нь ямар ач холбогдолтой вэ?

-Эртнээс бие, сэтгэлзүйгээ бэлдэхэд амар байх. Тэгэхгүй олимп тулангуут тэрийг нь оролцуулна гэхээр тулгамдах, формондоо орж амжихгүй байх эрсдэл их бий.

-Эсрэгээрээ өрсөлдөгч тамирчиддаа судлагдах эрсдэлтэй...

-Бүгдээрээ дөрвөн жилийн хугацаанд бие биетэйгээ барилдаж, барилдаанаа сайн мэддэг болохоор энэ тал дээр эрсдэл багатай. Бид ч бас өрсөлдөгчдөө сайн судалж байгаа.

-Манай тамирчид Риогийн олимпод ямар зорилготой оролцох вэ?

-Мэдээж Бээжин, Лондоны олимпод гаргасан амжилтаа ахиулах зорилготой. Олимпоос медаль авах боломж, бололцоо бүгдэд нь бий. Хэн нь ч медаль авахад гайхах зүйлгүй.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д хэнийг нь Риод сойх нь спорт сонирхогчдын анхаарлыг их татаж байсан. Тэгвэл дэлхийн аварга Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нарыг гэрт нь үлдээж, залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаатарыг оролцуулахаар боллоо. Өдгөө 20 настай түүний хувьд энэ жил тивийнхээ аваргаас хүрэл медаль хүртэж, хоёр гавьяатыг ялж, УАШТ-д түрүүлсэн нь гол үзүүлэлт болсон байх.

66 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг оролцоно. Энэ жинд энэ оны Азийн аварга Д.Алтансүх Риог өнжиж байна.

73 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очирыг өнжөөж ОУХМ Г.Одбаярыг сойхоор болов.

81 кг-д энэ оны Азийн аварга Н.Дагвасүрэнг үлдээж, ОУХМ О.Ууганбаатарыг өрсөлдүүлнэ.

90 кг-д багийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар.

-100 кг-д олимпийн алт, мөнгө, багийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр.

+100 кг-д Б.Тэмүүлэн.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг.

52 кг-д гавьяат тамирчин М.Бундмааг өнжөөж, А.Цолмонг хүч үзүүлнэ.

57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа.

63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа.

70 кг-д Азийн аварга Ц.Наранжаргал.

-78 Олимпийн V байрын шагналт П.Лхамдэгд.

+78 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт О.Жавзмаа.