Цэц улс төрийн захиалгаар ажиллаж байна
2016.04.26Дугаар : 40159
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Б.Цогтгэрэлийг урилаа.
-Цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн мажоритараар 48, пропорционалиор 28 гишүүн сонгогдоно гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэснийг хуульчийн хувьд та юу гэж үзэж байна?
-Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-нд гаргасан дүгнэлт бол шуудхан хэлэхэд улс төрийн захиалгатай үйл ажиллагаа. Яагаад ингэж хэлж байна гэвэл, ерөөс манай урд өмнөх бүх сонгуулийн хуулиуд сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчилж болохгүй гэсэн зүйл, заалттай явж ирсэн.
Учир нь Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцид, хүний сонгох, сонгогдох эрх, улс төрийн эрх, ардчиллын үндсэн зарчмууд, сонгууль шударга байх, тэгш байх, бүгдэд тэгш боломж болгох, мэдээллээр хангагдсан байх зэрэг олон зохицуулалт бий. Гэтэл үүнийг санаатай, санаандгүй бүү мэд аваад хаячихсан байгаа юм. Энэ нь жирийн иргэдэд мэдээлэгдэхгүй байна. Байгаа юм шиг явж байгаад яг батлаад санал хураахаараа янз бүрийн байдлаар редакци хийчихдэг.
Энэ заалтыг хасъя, алга болгоё гэсэн санаачилга хаанаас ч гарч байгаагүй. Зургаан сарын дотор сонгуулийн жил хуулиа өөрчилж болохгүй гэдэг, ийм байдлаар явж ирсэн. Гэтэл цаг хугацааны хувьд сонгууль тулгачихаад, улс төрийн ерөнхий нуруу ямар байх нь вэ, хэнд ашигтай байх нь вэ, ялангуяа эрх барьж байгаа болоод олон суудалтай намуудад ямархуу байдлаар эргэх нь вэ, түүнд нь тохируулж тухайн үед нь засчихъя гэсэн урьдчилан тооцоолсон арга хэмжээ байсан юм уу гэж харж байна.
-Та нэр бүхий хүмүүсийн хамт 2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулийн багц асуудлаар Цэцэд хандсан. Тэр дотор жагсаалтын асуудал ч байсан. Өнөөдрийн сэдэвтэй холбож, харьцуулж үзвэл танд ямар дүгнэлт байна?
-48:28 гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг бид өнгөрсөн сонгуулийн өмнө шийдчихсэн шүү дээ. Бид можаритар, пропорциональ холимог тогтолцоог сонгосон. Тэр үед хэлэлцүүлэг хоёр жил шахам явж, олон талаас ярьж, бүх шатандаа Үндсэн хууль зөрчихгүй юм байна, адилхан шууд саналаа өгч байгаа, бусад улс оронд хэрэглэдэг практик байна гээд зөвшөөрсөн. Харин тухайн үед сонгуулийн хуульд тойрогт дэвшээд унасан хүмүүс жагсаалтаар орж ирж болмоор юм шиг бүрхэг заалт байсан. Ганц энэ ч биш хэд хэдэн маргаантай зүйл байсан учраас миний бие болон МУИС-ийн багш П.Одгэрэл нарын хүмүүс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.
Энэ асуудлуудаар Цэц маргаан үүсгэхдээ хүмүүсийн гаргасан гомдол, мэдээллүүдийг ерөнхийдөө Сонгуулийн тогтолцоотой холбоотой гэж үзэж багцлаад нэгтгэн хэлэлцсэн санагдаж байна. Тэр дотроос хамгийн чухал асуудал нь пропорциональ тогтолцоо, пропорциональ руу орж байгаа хэлбэр, мажоритараасаа шилжих үү, үгүй юу, энэ хоёр тогтолцоо хамт байж болох уу, үгүй юу гэсэн өргөн асуудлыг авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн шүү дээ, 2012 онд.
УИХ-аас ч гэсэн тэр хуралд төлөөлөл орсон. Одоо ярьж буй асуудлын тухайд Сонгуулийн тухай хууль өнгөрсөн жил батлагдсанаас хойш Цэцэд хэд хэдэн гомдол очсон юм байна гэж ойлгосон. Үндсэн хуулийн цэц тэдгээрийг авч судалж үзээд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр маргаан үүсгээгүй, өөрөөр хэлбэл хүлээж аваагүй. Энэ юу хэлж байна гэвэл, Сонгуулийн тухай хууль дахь 48:28 гэсэн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц үзсэн байна.
-Өмнө нь сонгуулийн жил хуулиараа оролдохгүй гэсэн зарчим байсан. Одоо хамаагүй болох нь, хамгийн гол нь ард түмний сонгох, сонгогдох эрх улам л алсрах тийшээ хандаад байна уу даа?
-Бид 2003 онд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн 2.2.1.2 дугаар зүйлд “Сонгуулийн жил, ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт бий. Тийм учраас эрх барьж байгаа аль нэг нам, эсвэл олонх ч юм уу хоорондоо тохиролцсон нөхцөлд, эсвэл хэн нэгнийг оруулахгүйн тулд ч юм уу зохион байгуулалттайгаар сонгууль болохын өмнө хуулиа өөрчилдөггүй байх нь өөрөө чөлөөт сонгууль, ардчилсан сонгуулийн амин сүнс нь юм.
Түүнийг нь алга болгочихвол сонгууль болохын өмнө хуулиа өөрчлөөд ийм эвсэл орж болохгүй гэх юм уу, ийм намууд орж болохгүй ч гэдэг юм уу, эсвэл 76 тойрог, аймаг, нийслэлийн бүх тойргуудад дэвшүүлсэн нам л оролцох эрхтэй гээд явах нь л дээ. Ингээд хийчих юм бол зөвхөн хоёр том нам л сонгуульд оролцоно шүү дээ. Энэ мэтчилэн Сонгуулийн тухай хуулийг өөртөө ашигтайгаар өөрчлөх бололцоо байдаг учраас дэлхийн улс орнуудын ихэнх нь сонгуулийн жил хуульдаа өөрчлөлт оруулдаггүй.
-Цэцийн одоо гаргаад буй шийдвэрийг зөв гэж үзвэл, үүсэх нөхцөл байдлыг та юу гэж харж байна?
-Их хурал Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчих юм бол тун сонин юм болно. УИХ 48 гишүүнтэй болсноор эрх зүйн чадамжгүй болно. Үндсэн хуулиар бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх нь 57-оос дээш гишүүнтэй болж хэрэгждэг. Их хурлын дарга огцорно. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар орсон учраас Үндсэн хууль зөрчсөнд тооцно. Их хурлын дарга битгий хэл гишүүн ч биш болно шүү дээ. 28-д орж жагсаалтаар Их хурлын гишүүн болсон бүх гишүүд гишүүн биш болно.
Тэдний санаачлан батлуулсан хуулиуд бүгд хүчингүй болно. Тогтоолууд мөн адил. Их хурлын 50-аас доош гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан бүх хурал, тэндээс гарсан шийдвэрүүд бүгд хүчингүйд тооцогдоно. Яагаад гэвэл, 50-аас доош гэдэг нь тэр дотор жагсаалтаар орсон 28 гишүүнээс дор хаяж 5-6 нь байсан гэж үзэхэд ирц нь 40 хүрэхгүй болчихож байгаа юм. Дөчин хэдэн хүний олонх гэж үзээд 20-25 хүн хууль баталсан байлаа гэхэд тэр дотор жагсаалтаар орсон гишүүд байсан бол тухайн шийдвэр бүгд хүчингүй болох сөрөг үр дагавартай. Үүнийг анхаарч үзвэл Засгийн газар байгуулах тухай тогтоол гэхчилэн маш олон том тогтоол, шийдвэр цөөн хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан байгаа. Тухайлбал, Х.Тэмүүжин гишүүн гэхэд л маш олон эрүү, иргэний хуулиуд өргөн барьж батлуулсан.
Гэтэл жагсаалтаар орсон гишүүн учраас тэр бүгд хүчингүй, хууль бус болж таарах нь байна шүү дээ. Энэ Их хурал эдийн засгийн том шийдвэрүүд олныг гаргасан. Концессын хууль, Аж үйлдвэржилтийн тухай хууль, Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг олон юм хүчингүй болно. Тэр бүү хэл, Их хурал нь хууль ёсны байсан уу, үгүй юу, Засгийн газар хууль ёсны байсан юм уу, үгүй юм уу. Энэ хооронд ярьсан хэлсэн зүйлүүд үнэн үү, худал уу гэсэн байдал руу орно.
Их хурлын дарга саяхан Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааныг нээж үг хэлсэн. Түүндээ Монгол хамгийн сонгодог парламентын засаглалыг бүрэн төлөвшүүлсэн орон гэж зарласан. Гэтэл яг тэр чуулган болж байгаа өдөр Үндсэн хуулийн цэц нь манайх тийм юм байхгүй ээ, сонгуулиа хуйвалдааны аргаар зохион байгуулчихдаг юм аа гэсэнтэй адил шийдвэр гаргаад байж байгаа. Ингэж ярьснаараа би 76 мандаттай, жижиглэсэн тойргоор сонгууль явуулахын эсрэг байгаа юм биш. Ормоор байгаа бол бараг тэр тогтолцоо руугаа ороосой гэж боддог.
-Яагаад?
-Дахиж тэр тогтолцоо руугаа ороод жалга довондоо шийдчих цэцэрлэгийнхээ дээврийн асуудлыг Их хурал дээр хэлэлцээд, нэг сургуулийн цонх хагарсан ч гишүүд чуулганыхаа индэр дээр ярьдаг балай юм руугаа нэгмөсөн орог. Тэгээд эцэст нь алдаагаа бүрэн ухаарч бүрэн пропорциональ тогтолцоо руу явах биз. Уг нь сонгуулийн тогтолцоог 48:28 болгож, пропорциональ руу оруулснаар дэвшил бий.
-Тухайлбал?
- Бод л доо, муу ч, сайн ч цахилгаан станц ярьдаг, барьдаг болчихсон шүү дээ, манайхан. МҮАН-аас жагсаалтаар орсон М.Сономпил гишүүн энэ асуудлыг УИХ-д оруулж, Монгол Улс 30-40 жил бариагүй цахилгааны эх үүсвэрээ барилаа. Муу ч, сайн ч цемент, төмрийн үйлдвэрүүд олон зам, замын төсөл яригдаж байна. Үүнийг шийдээгүй бол аймаг, сумд руу тараасаар байгаад нийтийн зориулалтын, урт хугацааны хөгжлийн асуудлуудаа ярьж чадахгүй байсан.
Сонгуулийн тухай хуульд хэрэв пропорционалийн элемент орохгүй бол Улаанбаатар хот хөдөөгийн бодлогын золиос болж хэзээ ч хөгжихгүй. Энүүхэн урд байгаа Эрээнээс дор орчихоод байгаагийн гор энэ шүү дээ. Хөдөө сумдынхаа барьцаанд орсон хэдэн гишүүн, өнөөдрийг хүртэл 20 гаруй жил явж байгаа энэ хүмүүсийн барьж ирсэн бодлого, ийм бодлого гаргаж ирэх болсон Үндсэн хууль, дээрээс нь сонгуулийн энэ тогтолцоо улс орныг, биднийг хөгжүүлэхгүй бариад байна.
-Тэгэхээр одоо УИХ хүлээж авсан ч, авахгүй байсан ч Цэц их суудлын хуралдаанаа хийгээд шийдвэр эцсийнх гээд гаргачихвал яах вэ?
- Их олон юм үзэх байх аа. Үндсэн хуулийн Цэц иймэрхүү байдлаар ажиллах юм бол олон нийтийн эсэргүүцэлтэй тулна. Дээр нь энэ шийдвэрээс гарах үр дагаврыг хэн хариуцах вэ. Захиалсан улс төрийн намууд нь уу, гүйцэтгэсэн цэц нь үү. Ард иргэд нь хүлээн зөвшөөрөхгүй болчих, байгуулсан төрийн байгууллагууд нь итгэл даахуйц байх чанараа алдаад хууль бус болчих энэ тохиолдлоос гарч болох хортой үр дагаврын нөлөө маш их юм.
Энэ яван явсаар Үндсэн хуулийн маргаантай холбоотой. Үндсэн хуулийн дотоод зөрчил, тодорхойгүй байдлаас болж монголчууд золиос болж байна. Төр, засаг нь цэгцрэхгүй, хуулийг янз бүрийн байдлаар тайлбарладаг, Их хурал нь нэг юм хэлдэг, Дээд шүүх нь нэг янзаар тайлбарладаг, Үндсэн хуулийн цэц хүссэн цагтаа хүссэн байдлаараа дүгнэлт гаргаж байдаг. Энэ бүхэн Үндсэн хуулиа өөрчлөх болсныг л харуулж байгаа юм.
Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй
2016.04.26Дугаар : 40158
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдан гурван асуудал хэлэлцсэн талаар өчигдөр мэдээлэв.
Бүлгээр хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байсан бөгөөд бүлэг хэлэлцээд хүлээн авахаар болсон талаар бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Их хурал хүлээн авснаар УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэдгийг хэлж байсан юм. Мөн тэрээр "Манай бүлэг УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. МАН байр суурин дээрээ байдаг гэдгээ нотолж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа.
Томсгосон мажоритар байх уу, жижиг 76 байх уу гэдэг дээр асуудап яригдана. Жагсаалтын 28-ыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярих ёстой. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засагзахиргааны нэгж гэсэн гурван хүчин зүйлийг харгалзах Үндсэн хуулийн заалтыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах нь зүйтэй. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүрэгт нэг мандат хуваарилах нь шударга гэж үзэж байна" гэсэн юм.
Харин Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “2015 оны үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байна” гээд энэхүү үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жилд дараалан буурсаар 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин багасчээ. Засгийн газар 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 76.1 хувьтай гэж үнэлсэн бол Үндэсний аудитын газар 70 хувьтай 'гэж дүгнэсэн байна. Харин үндсэн чиглэлтийн биелэлтийг МАН бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн хэмээн нэмж тодотгосон юм. Ийнхүү мэдээлэл хийсний дараа бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жагсаалтын 28 мандатыг тойрогт хэрхэн хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж, өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна. Ийм байдпаар тойргоо хувиарлах нь зүйтэй байх. Үндсэн хуульд хүн амын тоо, нутаг дэвсгэр, засагзахиргааны хүчин зүйлийг харгалзана гэсэн заалт байгаа. Иймээс бид хуулиа барих ёстой.
-Ирэх тавдугаар сарын эхээр нэр дэвшигчдийг зарлах ёстой. Тогтолцоог өөрчлөх хугацаа, боломж байгаа юу?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг бид хүлээж авах нь зүйтэй. Мэдээж цаг хугацааны хувьд боломжтой.
-Сонгууль болох хугацааг хойшлуулж магадгүй гэсэн яриа байна л даа?
-2012 онд тойрогт ялагдвал жагсаалт руу гулсаж байгаа асуудлаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. Үүний шийдвэр 2012 оны тавдугаар сарын 2-нд гарч байсан юм билээ. Энэхүү шийдвэр гарахад сонгууль хойшлогдоогүй. Харин сая гарсан шийдвэр бол дөрөвдүгээр сарын 22- нд гарсан. Иймээс Цэцийн шийдвэрээс үүдэн сонгуулийн хугацааг хойшлуулах шалтаг шалтгаан болохгүй гэж үзэж байна.
-Намын жагсаалтыг хууль зөрчиж байгаа гэж үзэж байгааг ухарсан алхам гэж харж байна уу, урагшилсан алхам гэж харж байна уу?
-Аль намыг дэмжих вэ, хүнийг дэмжих үү, намыг дэмжих үү гэдгээр сонгогчид санал өгөөд сурчихсан. Тийм болохоор сонголтоо тодорхой хийчихсэн байгаа. Энэ асуудапд төвөгтэй зүйл гарахгүй байх. Томсгосон тойргоор сонгууль явуулах уу, жижиг 76 гэсэн тогтолцоогоор сонгууль явуулах уу гэдгээ шийдээгүй байна. Үүнийг шийдсэний дараа хуулийг хэрэгжүүлэх нь СЕХ болон бусад хүмүүсийн үүрэг болно.
-Одоогийн хуулиар тавдугаар сарын 5-9-ний хооронд нэр дэвшигчид тодрох ёстой байгаа. Хуульд өөрчлөлт орвол үүнийг амжуулах нөхцөл боломж хэр байгаа вэ?
-Суурь заалт нь хөдөлж байна. Өөрөөр хэлбэл 26 тойрог, 76 мандатаас бүрдэнэ. Түүний 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаас орно гэсэн хуулийн заалт байгаа. Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас үүнтэй холбоотой Сонгуулийн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх шаардлага гарч байгаа. Тиймээс нэр дэвшигчийг тодруулах асуудал хойшлохыг үгүйсгэхгүй.
-2012 оны сонгуулийг жагсаалтаар сонгосон. Хэрвээ үүнийг хууль зөрчсөн гэж үзэх юм бол өнгөрсөн хугацаанд сонгогдсон УИХ, Засгийн газар хууль бус болж байна уу. ҮХЦ 2012 онд хууль зөрчөөгүй гэж үзсэн. Гэтэл өнөөдөр яагаад хууль зөрчлөө гэж үзэж байгаа юм бол. Энэ хэр ёс зүйтэй асуудал вэ?
-Цэцийн тухайд 2012 онд гулсдаг тогтолцоон дээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Цэцийн дүгнэлт хэзээнээс хүчин төгөлдөр болдог вэ гэхээр эргэж үйлчилдэггүй. Маргаан үүсээд Цэцийн шийдвэр гаргасан бол тэр цагаас хойш хүчин төгөлдөр үйлчилнэ. Урагшаа нөхөж үйлчилдэггүй. Тийм болохоор өнөөдөр Цэцийн дүгнэлт гарсан нь өмнөх хугацаанд жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн, байгуулагдсан Засгийн газрын чадамжтай юу чадамжгүй юу гэдэг асуудалд нөлөөлөхгүй.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив