2016.04.21

Монголын төр батлан хамгаалах бодлогоо унагааж болохгүй

УИХ-ын  Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Зэвсэгт хүчний тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл юм.  Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар тус тус танилцуулав.

Үүний дараагаар тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Монгол улсын эрх ашиг гэж байдаг бол үүн дотроос хамгийн онцгой эрх ашиг бол батлан хамгаалах эрх ашиг гэж би үздэг. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын  аюулгүй байдлыг хангагдсан байхыг л үндэсний эрх ашиг гэж ярьж байна. Энэ зүйлийг хэлэлцэж байгаа УИХ-ын байдлыг би эсэргүүцэж байна. Энд есөн гишүүн л сууж байх юм.

Их хурлын дарга энэ асуудлыг хойшлуулъя гэж байна. Тэгж болохгүй. Найман жил хөөцөлдсөний эцэст хийсэн улс төрийн зөвшилцөл. Улстөрчдийн эрх мэдлийн эрх ашигтай холбоотойгоор энэ салбар найман жил дуншсан .

Дараагийн их хуралд орхивол үүнийг ойлгох хүн байхгүй ч болж магадгүй. Харьцангуй энэ хуралд батлан хамгаалах, гадаад бодлогын чиглэлээр ажиллаж байсан 10 гаруй гишүүд бий. Энэ хүмүүст би найдаж байна. Энэ бодлогын асуудлыг хойшлуулж болохгүй. Завсардуулж болохгүй бодлого.

Бид 2012 онд гарах ёстой бодлогыг өдийг хүртэл хойшлуулаад дараагийн парламентад үлдээнэ гэсэн хариуцлагагүй зүйл ярьж байгаад харамсаж байна. Үүнийг үүрэг хүлээгээд эрхээ хасуулсан, тангараг өргөсөн  мянга мянган цэргийн албан хаагчид, тэдний гэр бүл, энэ салбарт ухамсарт амьдралаа зориулсан ахмад үеийнхэн хараад сууж байна. Энэ хуулиар тэдний эрх зүйн байдал, албаны байдал, нийгмийн хамгаалал зэрэг олон зүйл шийдэгдэнэ.  УИХ бодлогоо гаргасан бол хууль ч яаралтай дагаж гарах ёстой. Үүнд улстөрийн намууд онцгой анхаарах хэрэгтэй. Ахиад хэлэхэд улстөрийн үндэсний хамгийн гол эрх ашгийн талаарх асуудалд улстөрийн намууд ийм байдлаар хандаж болохгүй. 

Тиймээс үүнийг яаралтай хэлэлцэн, яаралтай дэгээр баталж олон жил хүлээгдсэн энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл бүс нутаг, гадаад орчин хурдацтай өөрчлөгдөж байна. Хөрш орнууд гадаад бодлогоо өөрчилсөн. Ийм байхад бид амгалан байж болохгүй. 

   Одоо энэ асуудлаар санал хураавал энэ асуудал унана. Монголын төр батлан хамгаалах бодлогоо унагаалаа гэж болохгүй.